Иргэн С.Цэвээн 2021 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс Төрийн ордны баруун хаалган дээр суулт зарлах болсон. Тэрээр талийгаач нөхрийнхөө амь насаа алдсаны тэтгэмжийг улсаас нэхэмжилсэн ч анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Төрийн ордны хажууд олон өдөр суулт зарлаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Иргэн С.Цэвээний ярьж байгаагаар “Миний хань 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан. Тухайн үед энэ ослоор 30 хүн өөд болсон бөгөөд ар гэрт нь тэр үеийн ханшаар 702 төгрөгийн дэмжлэгийг улсаас үзүүлж байсан юм. Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн. Тэр үед би нэг ч төгрөгийн дэмжлэг аваагүй учраас гомдолтой байна” гэсэн юм.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэн С.Цэвээн болон түүний хүүхдүүдийн нэхэмжлэл нь үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Учир нь, 1990 онд онгоцны осол болсны дараа С.Цэвээний гомдлоор 10000 /арван мянган төгрөг/ олгосон, мөн ослын дараа /1993 онд/ С.Цэвээн гуайн гомдлоор нэг удаа 2000 төгрөгийн дэмжлэг, хүүхдүүдийг нь насанд хүртэл нь тэжээгчээ алдсаны нөхөн төлбөрийг улсаас олгож ирсэн зэрэг нотлох баримтыг үндэслэн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй