
Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж “Ажилтай иргэн-Орлоготой өрх” өдөрлөгийн үеэр “Yes Алтан намар” төслийн нээлт болон танилцуулгыг хүргэлээ.
Аяныг Дархан, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Төв гэсэн таван аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Оюутан залуус “Алтан намар” аянд явснаар реалити шоунд оролцож байр эзлэх бөгөөд шалгарсан залуусын 2021 оны сургалтын төлбөрийг 100, 80, 50 хувиар чөлөөлөх санал хүсэлтийг их, дээд сургуулиудад тавиад байгаа юм.
Нээлтийн үеэр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Э.Гэрэлт-Од “Илгээлтийн эзэд хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж байна. Үүний дэд хөтөлбөр болох намрын ургац хураалтад оюутан залуучуудыг ажиллуулах “Алтан намар” хөтөлбөрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.
Намар ургац хураалт, хадлан, өвөлжилтийн бэлтгэл ажилд оюутан залуучуудыг ажиллуулах, хавар мал төллөх, тариа ногоо тариалах үеэр малчид, тариаланчдад туслуулах ажлыг цаашид хийнэ. Мөн зуны улиралд бүтээн байгуулалт, өвөл соён гэгээрлийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
Бид хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын даргатай уулзаж “Илгээлтийн эзэд” төслийн талаар танилцуулсан юм. Засгийн газрын дэмжлэгтэйгээр намрын ургац хураалтад оюутнуудыг цалинтайгаар ажиллуулах шийдвэр хоёр хоногийн өмнө гарсан.
Цалинг тухайн тариалангийн компани олгоно. Хамгийн доод цалин өдрийн 40 мянга болон түүнээс дээш байх юм. Оюутан, залуус алтан намар аянд нэгдсэнээр:
- Нэгдүгээрт, цалин орлоготой болох
- Хоёрдугаарт, монгол ахуй, зан заншилтайгаа танилцах
- Гуравдугаарт, залуу насны дурсамжаа бүтээх давуу талтай” гэв.
Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Т.Энхмөрөн “Оюутан болон ажил хайж буй залуусыг 30 хоногийн “Алтан намар” аянд хамруулна. Наймдугаар сарын 26-аас эхлээд бид нийт бүртгүүлсэн залуусаа аваад Төв аймгийн Жаргалант суманд очиж 14 хоногийн хугацаатайгаар төмс хураалтын ажлыг хийхээр болсон. Залуучуудыг идэвхжүүлэх зорилгоор таван аймаг дундаасаа шилдэг тариаланч аймгийг тодруулан Share office-ийг хийж өгөхөөр болсон” хэмээв.
“Алтан намар” аянд хамрагдах хүсэлтэй иргэд наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Монголын залуучуудын холбооны төв байранд хүрэлцэн ирж Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй уулзах мөн цахим хаяг, утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой.
0 cэтгэгдэлтэй