Нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд ажилтан нь живжээ

2021-08-11 37 0

Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч гол нуурын усны түвшин нэмэгдэж, усанд осолдох тохиолдол ихээр бүртгэгдэж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр /2021.8.10/ 16:55 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 18:23 цагт очиход “Говийн шилмэл зам” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд тус компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Н /22 настай, эрэгтэй/ живсэн тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид өнөөдөр /2021.8.11/ 05:00 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын чиглэлд явсан байна.

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.8.11/ өдрийн 05:00 цагт ОБЕГ-т өгсөн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17 км зам туулан 05:22 цагт очиход тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Б /53 настай, эрэгтэй/ нь Туул голд живж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Холбоотой мэдээ