Өргөдлийн байнгын хороог байгуулахаар болжээ

2025-08-14 120 0

Төрийн Байгуулалтын байнгын хорооны 2025 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Өргөдлийн байнгын хороог байгуулахаар шийдвэрлэжээ.

Монгол Улсад Өргөдлийн байнгын хороо нь анх 1992 оны Үндсэн хууль батлагдсантай зэрэгцэн Төрийн байгуулалтын байнгын хорооны нэг хэсэг болон байгуулагдаж байсан бөгөөд тус хороог 2008 онд татан буулгасан ч, 2016 онд Улсын Их Хурлын дэд бүтэц, байнгын хороодын зохион байгуулалтыг шинэчлэх хүрээнд дахин сэргээсэн. Гэвч 2020 оны парламентад тус байнгын хороог дахин татан буулгаснаар төрийн байгууллагуудын иргэдэд хандах хариуцлага, иргэдийн оролцоонд тулгуурласан бодлогын тогтолцоо мэдэгдэхүйц сулран, төр-иргэний харилцаа албан ёсны институцийн хүрээнд зохих түвшинд хангагдахгүй нөхцөл үүссэн байна.

Тус байнгын хороог сэргээснээр иргэд төрд өргөдөл, санал, гомдлоо шууд хүргэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих боломж нэмэгдэхийн хэрээр хариуцлага дээшилж, иргэн-төрийн харилцаа ойртож, иргэдийн дуу хоолой хууль, бодлогод тусгагдах нөхцөл бүрдэнэ. Түүгээр ч зогсохгүй хүний эрх, шударга ёсыг хамгаалах нэгэн чухал механизм, үйл ажиллагаа сэргэж байна хэмээн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээллээ.

Холбоотой мэдээ