“Чингис хаан” нисэх буудлыг удирдах шинэ захирал Китанака Такэфүми ажилдаа орсон байна

2022-04-25 82 0

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагыг гүйцэтгэж буй “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэог үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хүлээн авч уулзжээ. Түүнтэй хамт гүйцэтгэх захирлаар шинээр томилогдон ажилдаа орсон Китанака Такэфүми байлцав.

Уулзалтаар сайд Л.Халтар гүйцэтгэх захирал Като Такэо цар тахлын хүнд үед нисэх буудлын үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааг сайн хэрэгжүүлж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэж ажилласныг онцлон тэмдэглэв.

Нисэх буудал богино хугацаанд ашиглалтад ороход Като сан таны хувь нэмэр өндөр байсныг үнэлж байна. Буянт ухаа дахь нисэх буудлын 600 гаруй ажилтныг шилжүүлэн авч ажлын байраар хангасанд талархал илэрхийлье. Түүнчлэн нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулахын тулд яамд, агентлаг, төрийн холбогдох байгууллагууд, түрээслэгчид, агаарын тээвэрлэгч зэрэг бүхий л газруудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо бэхжүүлэх, сайжруулах талаар хичээн ажилласныг тэмдэглэж талархал илэрхийлэв.

Гүйцэтгэх захирал асан Като Такэо Монгол, Японы найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Энэ хугацаанд багагүй саад бэрхшээлийг даван туулж чадсандаа баяртай байна. Нисэх буудал нь Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж Японы компани менежментийг хийж байгаа ч Монгол Улсын өмч, улсын нүүр царай, гадаад руу гарах үүд хаалга тул үйл ажиллагааг илүү сайжруулах тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.
эх сурвалж: GOGO.MN

Холбоотой мэдээ