Испанид дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн битүү орчинд амны хаалт заавал зүүх шаардлагагүй болно гэж тус улсын Ерөнхий сайд Педро Санчез мягмар гарагт мэдэгджээ.
Тодруулбал, сургууль, худалдааны төв, кинотеатр, театр, музей, цэнгээний газар, зоогийн газар, шөнийн клуб, бялдаржуулах төвд амны хаалт зүүх шаардлагагүй болж байна.
“Бид цар тахлын өмнөх хэвийн амьдралын хэмнэлдээ орохоор ахиц дэвшил гаргаж байна. Вакцинжуулалтын хөтөлбөрийн ачаар ийнхүү “COVID-19”-ийн эсрэг тэмцлийн шинэ үе шатанд шилжих боломж бүрдэж байна” гэж П.Санчез “Twitter” хуудсандаа нийтэлжээ.
Гэхдээ испаничууд нийтийн тээврийн хэрэгсэл болон эрүүл мэндийн төв, асрамжийн газар, эмнэлэг, эмийн сан зэрэг эмзэг бүлгийн хүмүүс байнга очдог газруудад амны хаалтыг үргэлжлүүлэн зүүх хэрэгтэй байна. Мөн олныг хамарсан урлаг, спортын үйл ажиллагааны үеэр амны хаалт зүүхийг зөвлөнө.
Испанид гадаа талбайд амны хаалт зүүх журмыг 2021 оны зун цуцалсан ч коронавирусний “омикрон” хувилбарын улмаас зул сар, шинэ жилийн үеэр халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор түр хугацаанд мөрдөж, хоёрдугаар сард цуцалжээ. Харин битүү орчинд амны хаалт зүүх журмыг 2020 оны хавраас хойш анх удаагаа цуцлах гэж буй нь энэ юм.
0 cэтгэгдэлтэй