Путинийг сүүлийн үед хорт хавдартай болсон байж магадгүй гэж сэжиглэж байна.

2022-04-03 212 0

Саяхан Оросын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Проект төслийн сайтад энэ талаар нэгэн баримт нийтлэгджээ.

Уг нийтлэлд өгүүлснээр хэсэг эмч нар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд олон удаа Путиний өргөөнд зочилж, томилолтоор явахад нь дагалдаж байсан гэнэ.

Тухайлбал бамбай булчирхайн хорт хавдраар мэргэшсэн онкологийн мэс засалч Евгений Селиванов сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 35 удаа Хар тэнгисийн эрэг дэх Путиний харшид зочилж, 166 хоног дэргэд нь байсныг мөрдөж тогтоожээ.

Чих, хамар, хоолойн эмч нар болох Игорь Есаков, Алексей Щеглов нар үүнээс ч олон удаа ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэд байсан байна.

Тухайлбал Щеглов 2016-aaс 2020 оны хооронд 59 удаа ерөнхийлөгчид бараалхаж, нийтдээ 282 хоногийг дэргэд нь өнгөрүүлжээ.

Проект төслийнхөн ОХУ-ын засгийн газрын бэлтгэн нийлүүлэлтийг тайлагнадаг вебсайтаас эмч нарын томилолтын зардлыг судалсны үндсэн дээр тэдний Сочид өнгөрүүлсэн хугацааг тогтоосон гэнэ.

Эмч нарын Сочи хотын зочид буудалд өнгөрүүлсэн хугацаа Путиний тэнд байсан болон олны өмнө ил гараагүй цаг үетэй давхцаж байгаа ажээ.

Путинийг эмч нар дагалдсан дундаж давтамж 2016, 2017 онуудад тав байснаа 2019 онд ес болж нэмэгдсэнийг бас бичсэн байна.

Дээр дурдсан эмч нараас гадна мэдээ алдуулагч, мэдрэлийн мэс засалч, халдварт өвчний мэргэжилтэн, эрчимт эмчилгээний эмч зэрэг хүмүүс Путинийг дагалдаж байжээ.

Бас ОХУ-ын ерөнхийлөгчийг бугын тайрсан эврийн цусаар хандалсан усанд орж биеэ эмчилж байгаа тухай энэхүү нийтлэлд дурдсан байна. Уг эмчилгээний аргыг батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зөвлөсөн тухай мэдээлжээ.

2021 оны есдүгээр сард Владимир Путин нууцлаг шалтгаанаар хэсэг хугацаанд олны нүднээс холдож байсан юм. Энэ үед тэр бамбай булчирхайтай холбоотой нэлээд хүнд хагалгаанд орсон байх өндөр магадлалтай гэж Проект төслийнхөн мэдээлжээ.

Сүүлийн үеийн хэвлэлийн гэрэл зургуудад Путиний нүүр нэлээд хавантай харагдах болсон нь бамбай булчирхайн хорт хавдрын үед уудаг стероид төрлийн эмийн нөлөөтэй холбоотой гэсэн яриа хүмүүсийн дунд бас тараад байгаа юм.

Холбоотой мэдээ