Холливүүдийн од Жим Кэрри кино урлагаа орхих талаар ярьжээ

2022-04-03 93 0

Холливүүдийн инээдмийн төрлийн олон кинонд дүр бүтээж алдаршсан жүжигчин Жим Кэрри урлагийн тайзаа орхиж, зодог тайлах талаар нухацтай бодож байгаагаа өчигдөр “Access Hollywood” сувагт ярьжээ.

Тэрбээр одоо удахгүй нээлтээ хийх “Sonic the Hedgehog 2” кинонд Dr.Robotnik-ийн дүрийг бүтээж байгаа юм. Энэ нь түүний сүүлчийн уран бүтээл болох юм байна.

“Тиймээ, би тэтгэвэртээ гарах гэж байна. Энэ талаар нэлээд нухацтай бодож байгаа” гэж 60 настай жүжигчин ярьжээ.

“Тэнгэрийн элч надад алтан бэхээр бичсэн зохиол авчирч өгөөд энэ нь хүмүүст маш чухал гэж хэлдэггүй л юм бол би зодог тайлах бодолтой байна. Би нам гүм амьдралдаа дуртай. Зураг зурж, дотоод ертөнцдөө амьдармаар байна. Надад одоо хангалттай. Би хангалттай ихийг хийсэн. Одоо болно” гэж Кэрри ярьсан байна.

Тэрбээр 2020 онд “Sonic the Hedgehog” цувралын анхны кинондоо дүр бүтээхээсээ өмнө дөрвөн жил уран бүтээлээ завсарлаж байжээ.

Өнгөрсөн Ням гарагт Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смит хөтлөгчийг алгадсаныхаа дараа тайзан дээр гарч шилдэг эрэгтэй дүрийн шагнал авахад үзэгчид удаан алга ташиж хүндэтгэл үзүүлсэн юм. Смитийн гаргасан үйлдэл, Холливүүдийнхэн үүнийг хэрхэн хүлээж авч буйг хараад “сэтгэл эмзэглэсэн” тухайгаа Жим Кэрри саяхан хэвлэлд ярьж байжээ.

Холбоотой мэдээ