Элчин сайд М.П.Сингх Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хугацаанд нь дуусгахаа илэрхийллээ

2022-03-23 80 0

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн төлөөлөгчтэй уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийллээ. Мөн дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнг тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн тээвэр логистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж дуусгахаа илэрхийллээ.
Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтийг хамарсан нөхцөл байдлаас шалтгаалан олон улсад тээврийн асуудал удаашралтай байгаа. Засгийн газар боломжит бүхий л аргаар ачаа тээврийн асуудалд анхаарч байна. Одоогийн байдлаар зөвхөн Замын-Үүд боомтоор бус Гашуунсухайтын боомтоор ачаа тээвэр оруулж эхлээд байна. Монголын талаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 12-ноос өдөрт 30 чингэлэг тээвэр, мөн үндсэн тээврээр өдөрт 200 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч эхэлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээр болсон” гэлээ.

Харин төслийн дараагийн шатны асуудлын тухайд санал нэг байгаагаа илэрхийлээд хамгийн боломжит хувилбараар гарц гаргалгааг шийдвэрлэж, ажлыг түргэн шуурхай эхлүүлж, төлөвлөсөн хугацаандаа дуусгах нь чухал гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ