“Бодитоор ам.долларын эрэлт үүсэж, төгрөг долларын эсрэг сулрах суурь нөхцөл бүрдээгүй”

2022-03-22 98 0

Сүүлийн үед үүсээд буй ханшийн асуудалтай холбоотойгоор Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Валютын нөөц хэд байгаа вэ?

– Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь импортын 6-7 сарын хэрэглээтэй тэнцэх дүн ба ханшийг тогтвортой барих түвшний нөөц юм. Хоёрдугаар сарын байдлаар импортод зориулаад нэг тэрбум 376 сая ам.долларын хэмжээний төлбөр тооцоо хийгдсэн гэх мэдээлэл авсан. Эндээс валютын нөөцийн зарцуулалтыг харж болно.

– Зарим банкууд валютын гарах урсгалдаа хязгаарлалт тогтоосон. Монголбанкнаас арилжааны банкуудын валютын зарцуулалтад хэрхэн нөлөөлөх вэ?

– Банкуудад валютын нөөц хангалттай бий. Тэгэхээр банкууд харилцагч нартаа өөрсдийн хэмжээгээр өгөөд явна гэсэн үг. Хэдийг, хэнд өгөхийг нь төв банкнаас зааварчлах, чиглэл өгөх асуудал хуулиараа байхгүй тул оролцохгүй. Гэхдээ стратегийн бараа бүтээгдэхүүний импортод зориулсан төлбөр тооцоо хэвийн явах шаардлагатай тул Засгийн газраас стратегийн бүтээгдэхүүнд эрэмбэ дараалал гаргаж өгөхийг хүссэн. Тэгвэл банкуудад тухайн эрэмбээр харилцагчдадаа үйлчлэх чиглэл өгөх байх. Монголбанк Мягмар, Пүрэв гаригт валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Цаашид валютын нийлүүлэлтэд тодорхой хэмжээний хязгаарлалт тавина.

– Ханшийн зохиомол эрэлт үүсэж байгаа гэж зарим эдийн засагчид үзэж байна. Мөн Найман шарга зах дээр зохиомол ханш үүсэж байгаа нь зохицуулалт сул байгаатай холбоотой болов уу. Монголбанкны хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

– Жижиглэнгийн бэлэн доллар, төгрөгийн солилцоо хийдэг. Банк бус санхүүгийн байгууллагыг хянадаг газар нь Санхүүгийн зохицуулах хороо юм. Гол зүйл нь Монгол Улс Саарал жагсаалтад орсон шалтгаануудын нэг нь харилцагчаа таньж мэдэхгүйгээр ихээхэн хэмжээний бэлэн валют сольж ажиллаж байгаа нь эрсдэл үүсгэх асуудал.

Найман шарга дээрх ханш зохиомол. Бодитоор ам.долларын эрэлт гараад, төгрөг долларын эсрэг сулрах суурь нөхцөл бүрдээгүй.

Түүнчлэн дайнтай холбоотойгоор зохиомол зүйлс их гарч ирж байгаа. Тухайлбал, төгрөгийн хадгаламжтай байсан иргэд хөрвүүлэх маягаар долларын хадгаламжтай болох байдал ажиглагдсан. Төгрөгийг доллар руу хөрвүүлэх асуудлыг Төв банк бодлогын хувьд дэмжих боломжгүй. Тэр утгаараа тодорхой хэмжээний хязгаарлалт тавих асуудлыг судалж байна.

Холбоотой мэдээ