“AstraZeneca”-гийн эм “омикрон”-ы дэд хувилбаруудыг саармагжуулж байна

2022-03-21 77 0

“AstraZeneca” компанийн “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, эмчлэх эсрэг биетэд суурилсан коктейль нь коронавирусний “омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр “BA.2” зэрэг дэд хувилбаруудыг саармагжуулж байгааг лабораторийн судалгаагаар тогтоожээ.

Вашингтоны их сургуулийн судалгаагаар “Evusheld” нь “омикрон”-ы дэд хувилбараар халдварласан хулгануудын уушгинаас цуглуулсан сорьц дахь вирусний хэмжээг бууруулсан гэж Лондонд бүртгэлтэй эмийн компани даваа гарагт мэдээлжээ. Гэхдээ энэхүү судалгааг салбарын мэргэжилтнүүд хараахан хянан нягтлаагүй байна.

“Evusheld” эмчилгээг “омикрон”-ы “BA.1”, “BA.1.1”, “BA.2” дэд хувилбарын эсрэг хэрхэн үйлчлэхийг туршсан бөгөөд уушгины үрэвслийг зогсоож байгаа нь мөн ажиглагджээ. “Evusheld” нь халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэлтэйд тооцогдож байгаа дархлаа нь дарангуйлагдсан гэх мэт эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж болохыг эдгээр ололт харуулж байна гэж “AstraZeneca”-гийн төлөөлөгч мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнууд халдвар хамгааллын дэглэмээ сулруулж, шинжилгээний тоогоо бууруулж байгаа үед “омикрон”, “BA.2” хувилбар тархаж, улмаар дэлхий даяар “COVID-19” халдварын тохиолдол нэмэгдэж байгааг анхааруулсан юм. Вакцинууд нь эсрэг биет болон халдвартай тэмцэх эсийг хөгжүүлэхийн тулд дархлааны тогтолцоонд тулгуурладаг бол “Evusheld” нь халдвар авсан тохиолдолд вирусийг дарахын тулд бие махбодид хэдэн сарын турш байх зориулалттай лабораторийн эсрэг биетүүдийг агуулдаг байна.

Их Британи өнгөрсөн долоо хоногт энэхүү эмчилгээг дархлаа султай насанд хүрэгчдэд халдвараас урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн бол Европын эмийн хяналтын байгууллага холбогдох судалгааг хийж байна. АНУ-ын хувьд өнгөрсөн оны сүүлээр зөвшөөрөл олгожээ.

Холбоотой мэдээ