1945 оны дайнд сөнөөгч онгоцны нисгэгчээр үүрэг гүйцэтгэсэн, 99 настай ахмад дайчин С.Чимэддорж

2022-03-18 97 0

1945 оны чөлөөлөх дайнд сөнөөгч онгоцны нисгэгчээр үүрэг гүйцэтгэсэн, дэслэгч, ахмад дайчин С.Чимэддорж Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 101 жилийн ой, Монгол цэргийн баярын мэндийг дэвшүүлэв.

Тэрбээр “Би 1943 онд цэрэгт татагдаад, генерал Зайсанов даргатай цэргийн нисэх хүчинд алба хаасан юм. Тэгээд 1943-1945 он хүртэл эх орондоо цэргийн нисэх хүчинд яаравчилсан байдлаар бэлтгэгдсэн. Ингээд 1945 оны наймдугаар сард Японы импералистүүдээс Зүүн хойд Хятад болон Өвөр монголыг чөлөөлөх дайнд оролцохоор манай нисэхийн гурав, дөрвөн том эскадил, нисэх хүчний баг Өндөрхаан одоогоор Хэнтий аймагт бүх зэвсгүүдээ зөөчихсөн, онгоцоо сумлачихсан, хил давж дайнд оролцоход бэлэн болоод команд хүлээж байлаа.

Агаарын цэрэгт бүхэлдээ дайнд оролцоогүй юм. Цөөн хэдэн нисгэгч хил давж фронт болоод ар талд холбоо барих, тагнуулын нислэг хийх үүрэг гүйцэтгэж байсан. Би ингэж дайнд оролцож явсан түүхтэй. Японы импералистүүдийг Зөвлөлт Монгол цэргүүд ялснаар дэлхийн хоёрдугаар дайн үндсэндээ дуусаж, энх тайван цаг ирсэн гэж үздэг” гэв.

С.Чимэддорж гуай өдгөө 99 насыг зооглож, энх тунх амьдарч байна. Ахмад дайчин “Эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, эх орноо хөгжүүлэх энх цагийн бүтээн байгуулалтад оруулсан цэрэг дайчдынхаа онцгой хувь нэмрийг Монголын ард түмэн ямагт өндрөөр үнэлдэг бөгөөд хойшид ч бахархан дээдэлсээр байх болно гэдгийг онцлов.

Холбоотой мэдээ