Беларусийн тамирчин бүсгүй орогнол хүсчээ

2021-08-04 332 0

Беларусийн гүйлтийн тамирчин Кристина Тимановская Токиогоос албадан нутаг буцаагдвал шоронд орохоос эмээж буйгаа илэрхийлж, орогнол авах хүсэлт гаргажээ. Тэрбээр өнөөдөр Токио хотноо олимпийн наадмын 200 метрийн зайд уралдахаар бэлтгэж байсан ч өчигдөр түүнийг нутаг буцаахаар албадан нисэх онгоц руу авч явахыг завдсан байна. Тэрбээр Беларусийн олимпийн хорооны удирдлагуудыг шүүмжилснээс ийнхүү албадан нутаг буцаагдах болжээ. Кристина допингийн шинжилгээтэй холбоотой Беларусийн спортын удирдлагуудыг шүүмжилсэн бичлэг инстаграмд байршуулсан нь асуудал дагуулжээ. Улмаар албаныхан постоо устгахыг шаардаж, Кристинаг утсаар сүрдүүлсэн аж. Беларусийн олимпийн хорооноос түүнийг “сэтгэлзүйн болон биеийн байдлаас” болж, тэмцээнд оролцох боломжгүй гэж дүгнэн, нутаг буцахыг шаардсан аж.

Хэдийгээр Кристина постоо устгасан боловч түүнийг нутаг буцахын оронд Олимпт уралдвал үндэсний багаас хасч, бусад арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ. Улмаар Беларусийн албаныхан өчигдөр түүний байрлаж буй зочид буудлын өрөөнд нь орж ирэн нисэх буудал руу авч явжээ.

Нисэх буудалд тэрбээр Японы цагдаа нарт мэдэгдсэнээр нислэгт суулгүй үлдсэн аж.

Эх сурвалжийн мэдээлснээр Кристина Герман эсвэл Австри улсаас орогнол хүсч, өргөдөл гаргахаар зэхэж байгаа аж.

 

Эх сурвалж: News.mn

Холбоотой мэдээ