С.Энхболд: Дотоодод Омикроны 5 тохиолдол бүртгэгдэж, дөрөв дэх давлагаа эхэлж байна

2022-01-10 68 0

Эрүүл мэндийн сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр дотоодод хийсэн шинжилгээнээс Омикрон хувилбар бүртгэгдсэн болохыг албан ёсоор зарлалаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлуудын геномын дараалал тогтоох шинжилгээг хийж, эхнээс нь хариу гарч байгаа. Өнгөрсөн баасан гаригт гаднаас зөөвөрлөгдсөн 12 тохиолдлын геномын шинжилгээнээс Омикрон илэрснийг зарласан. Тэгвэл дотоодоос авсан PCR шинжилгээнд S генийн алдагдал илэрсэн сорьцуудад хийсэн геномын дараалал тогтоох шинжилгээний хариу өнөөдөр гарлаа. Эдгээр сорьцоос таван тохиолдлоос Омикрон хувилбар бүртгэгдлээ. Ингэснээр манай улсад дотоодод Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ долоо хоногоос батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай боллоо. Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо 1000-аас дээш бүртгэгдэж байна. Омикрон хувилбар дотоодод тархаж, манай улсад “Ковид-19″-ийн дөрөв дэх давлагаа эхэлж байгааг харуулж байна. Дөрөвдүгээр давлагааны оргил үеийг манай эрдэмтдийн баг нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр байна гэж урьдчилан тооцсон. Хэдий тохиолдлын тоо ихсэх ч ард иргэд айж сандрах хэрэггүй. Омикрон хувилбар Дельта хувилбартай харьцуулахад харьцангуй хөнгөн шинж тэмдэг илэрч байна. Мөн вакцин тодорхой хэмжээнд хамгаалж байгаа судалгаанууд гарч байгаа.

Коронавирусийн дөрөвдүгээр давлагааны үе томуугийн идэвхжилтэй давхцаж байгаа учраас эрүүл мэндийн салбарт орны ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байгаа бөгөөд бид эхний ээлжинд хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, ахмад настан зэрэг эрсдэлтэй бүлгийнхнийг эрэмбэлэн эмчлэх тул ард иргэдээ хүлээцтэй хандахыг уриалж байна. Засгийн газар, ЭМЯ, УОК энэ давлагааг аль болох хөл хорио тавихгүйгээр даван туулахаар хариу арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллана. Иргэдийн өндөр хариуцлага, хамтын хүчээр дөрөв дэх давлагаа давна гэдэгтэй итгэлтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ