Яам, агентлагт 90 гаруй албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүй томилжээ

2021-12-22 163 0

Цар тахлын нэг удаагийн хуулиар төрийн албаны сонгон шалгаруулалтын биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулахгүй, албан тушаалтныг сонгон шалгаруулалтаар томилохоор хуульчилсан зохицуулалтыг дээрх хууль хэрэгжих хугацаанд түр зогсоох утга бүхий заалт орсон. Өөрөөр хэлбэл, цар тахлын нэг удаагийн хууль хэрэгжиж хугацаанд заавал сонгон шалгаруулалт зарлахгүйгээр Засгийн газар болон эрх бүхий албан тушаалтны санал болгосны дагуу түр томилгоог Төрийн албаны зөвлөл хийж байгаа юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд зөвхөн Засгийн газрын түвшинд гурван ТНБД, 17 агентлагийн дарга, 71 яам агентлагийн хэлтэс, газрын дарга гээд 90 гаруй хүнийг сонгон шалгаруулалтгүй, түр томилсон байна. Төрийн албаны тухай хуульд Тэргүүн түшмэл буюу ТНБД, эрхэлсэн түшмэл буюу агентлагийн даргаар төрийн албанд багадаа 8-16 жил ажилласан, шатлан дэвшсэн хүнийг сонгон шалгаруулж, томилохоор заасан байдаг. Харин Засгийн газраас санал болгосон түр томилгоогоор ажил, албан тушаалд очсон эрхмүүд Төрийн албаны хуульд заасан шалгуурыг хангахгүй байгаа юм.

Засгийн газраас цар тахлын хуулийг дахин зургаан сараар буюу 2022 оны долдугаар сарын 1 хүртэл сунгах санал гаргаж, МАН-ын бүлэг дэмжсэн. Бүлгээс цар тахлын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүй түр томилгоог Төрийн албаны хуульд нийцүүлэх чиглэлийг өгсөн байна.

Маргаашийн /2021.12.22/ Засгийн газрын хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хуулийг зургаан сараар сунгах асуудлыг хэлэлцэж, зарим зохицуулалтыг өөрчлөх эсэхээ шийдээд төслөө УИХ-д өргөн мэдүүлнэ.

 

Эх сурвалж: Itoim.mn

Холбоотой мэдээ