О.Цогтгэрэлийн АН-ыг бүртгэвэл Ерөнхийлөгчийн сонгууль хүчингүй болно

2021-11-15 69 0

АН-ынхан нэг-АН болох нь нийгмийн хүлээлт. Бараг захиалга. Магадгүй МАН-д хуваагдсан АН, харин Монголд бол нэгдмэл АН хэрэгтэй. Гэтэл О.Цогтгэрэлийг даргаар, Л.Гантөмөрийг генсекээр сонгосон Онц их хурлыг С.Эрдэнийн АН-ынхан зөвшөөрсөнгүй. Зөрүүлээд, өөрсдийн Онц их хурлыг ирэх сарын 5-наар зарлав. Ингээд АН-ын хоёр дарга, хоёрын тамганы маргаан нь хоёр Онц их хурлын хэрүүлээр үргэлжлэх шинжтэй. Эдгээр үйл явдал нь АН-ын дотоод маргаан боловч гадна талдаа үнэн нэг л байх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хуулийн хүрээнд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Үндсэн дүрэм, тамга бүхий АН бол албан ёсных. Тэр нь С.Эрдэнийн буюу М.Тулгат даргатай АН гэж ойлгож байгаа. Учир нь, Улсын дээд шүүх тэгж зарласан. Шүүхийн уг шийдвэрт үндэслэж М.Тулгат даргатай АН-ын тамгыг хүчинтэй гэж тэндээс нэр дэвшсэн С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр СЕХ бүртгэсэн. Харин С.Эрдэнэ нь сонгуульд яг бодитой өрсөлдсөн үгүй нь, бусдын захиалгыг биелүүлсэн, эсвэл нэр дэвшсэнээр үүргээ гүйцэтгэж сонгуулиа эрт дуусгасан эсэх нь тусдаа асуудал. Хамгийн гол нь одоогоор С.Эрдэнэ нарт буй тамга, түүгээр баталгаажсан Үндсэн дүрэм нь АН-ыг албан ёсных гэсэн Дээд шүүхийн шийдвэр нь О.Цогтгэрэлийг даргаар сонгосон АН-ын Онц их хурлыг хүчингүй гэж үзэх бодитой үнэдслэл юм. Яагаад гэвэл, амьдралд үнэн нэг л байдагтай адил Улсын дээд шүүхийн шийдвэр нэг л байх учиртай. Хоёр өөр үйл явдал, хоёр өөр цаг хугацаанд шийдвэрээ өөрчилдөг шүүхийн шийдвэр гэж байж таарахгүй. С.Эрдэнийн АН-ыг албан ёсных гэж үзсэн шийдвэр зөв буруу эсэх нь энд хамаагүй. Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөх эс зөвшөөрөх тухай ойлголт байж болно, харин хүлээн зөвшөөрөх эс хүлээн зөвшөөрөх тухай ойлголт хийгээд үйлдэл байдаггүй нь эрхзүйт төрийн онцлог.

Хэрвээ улс төрийн захиалгаар шийдвэрээ өөрчилдөг шүүхтэй болсон бол Монголд шударга ёс манаачгүй болсныг илтгэнэ. Арай үгүй байлгүй гэж итгэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Эрдэнийн АН-ыг албан ёсны тамгатай гэж үзэж байснаа, сая “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар оролцож, бас Онц их хурал хийж” гэдэг үндэслэлээр О.Цогтгэрэлийн АН-ыг албан ёсных болгож шийдвэрээ өөрчилбөл Дээд шүүх л шившиг болно. Бүх шатны шүүх шийдвэрээ төрийн буюу Монгол Улсын нэрийн өмнөөс гаргадаг. Хэрвээ одоо шүүх Онц их хурлыг хүчинтэйд тооцож, О.Цогтгэрэлийг АН-ыг даргаар бүртгэвэл С.Эрдэнэд буй тамгыг хүчингүй, тэдний АН-ыг албан ёсны бус гэж Монгол Улс үзэж буй хэрэг болно. Энэ тохиолдолд өнгөрсөн зун болсон Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүйд тооцож, төрийн сонгуулийг будилуулсан хэргээр шийдвэр гаргасан шүүгчдийг ч эрүүгийн хэрэгт татах хэрэгтэй. Ингэх нь шударга ёс. Учир нь, тус сонгуульд О.Цогтгэрэл нар Н.Алтанхуягийг, харин М.Тулгатынхан нь С.Эрдэнийг нэр дэвшүүлэх гэж шүүхээр маргаад С.Эрдэнэ ялсан. Шүүхийн шийдвэрт үндэслэж СЕХ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Энэ бол баримт. Ямарч систем, тогтолцоо дотроо зөв байдагтай адил хоёр АН-ын дотоод маргаан нь хэн хэнийнхээ дотооддоо зөв байж болно. Харин гадна талдаа бол үнэн бөгөөд зөв нь нэг байх бөгөөд тэр нь шүүхийн шийдвэрээр л баталгаажна. Түүнээс бус, энд О.Цогтгэрэл, М.Тулгат гэсэн хувь хүнд асуудал байхгүй. Хэн нь ч дарга болж болно. Харин ямар тохиолдолд хүчинтэй, хүлээн зөвшөөрөгдсөн дарга болох нь АН-ын албан ёсны дүрэм хийгээд албан ёсны тамгаар л баталгаажна. Тэрхүү дүрэм, тамга алба ёсны мөн бишийг шүүх л тогтооно. С.Эрдэнийг ч өмгөөлөх шалтгаан энд үгүй. Товчхондоо, С.Эрдэнэ бол Монголын ардчиллыг, АН-ыг Женко хэмээх мангасаас хамгаалах үлгэр өөртөө зохиож тэрнийхээ төлөө тэмцэж байгаа мэт гадна дүртэй хэрнээ, дотооддоо АН-ын тамгыг хэдэн сонгуулийн ялагдал дамжуулан өмчилснөөрөө өнөөх “мангас”-таа эс үйлдлээрээ тусалж, алсуураа Монголын ардчиллыг хамгаалах байтугай арчилж тордох эзэнгүй болгоход үнэтэй хувь нэмрээ оруулан будилж яваа шиг санагддаг. Намын даргын ажлыг үнэлдэг гол шалгуур бол улс төрийн сонгууль. Улс төрд бичмэл болон бичигдээгүй уг хуулиар баталгаажсан энэхүү соёлоор бол С.Эрдэнэ аль хэднийнэ АН-ын удирдлагаас явсан байх л учиртай. Намдаа ялалт авчирсан дарга улирдаг, ялагдлын цуваа үргэлжлүүлдэг дарга гэж байх боломжгүй.

Ер нь АН-ынхан хоёр хуваагддаг өмнөх түүх, алдаагаа үнэхээр давтаж туулах гэж байгаа бол ёроолдоо хүрч унах болоогүй явна. Хамгийн гашуун нь, 2004 оны УИХ-ын сонгуулийн дараах АН-ын хуваагдал, тамганы хэрүүл нь засаглаж байгаа намынхаа Ерөнхий сайд /Ц.Элбэгдорж/-г огцруулж, намаа парламентад бүлэггүй болгож, УИХ-д сонгогдсон гишүүд нь тухайн үеийн МАХН-ын бүлэгт толгой хоргодож, АН-ын дарга /Р.Гончигдорж/ нь МАХН-ын бүлгийн дэд дарга болж явсан түүх байдаг юм. Эцэстээ, тухайн үед шүүхийн шийдвэрээр АН-ын албан ёсны тамга, дүрэмтэй нь гэгдэж байсан М.Энхсайханыг хуваагдсан АН-ынхан санал нэгдэн 2005 оны Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшүүлэх болсноор даргаас чөлөөлж, УИХ-аас намын бүлэг байгуулах боломжийг шинээр хуульчилж АН нэгдэж, нэг болж байлаа. Энэ үед Монголын улс төрийн орчин арай цэвэр байж. Өнөөдөр бол Улаанбаатарын өвлийн утаа шиг бохирдож, бас хордохоор болсон доо. Ийм цаг үед, энэ бүхнийг зогсоох үүрэгтэй, ард түмний сонголтоор зогсоох-хянах үүрэг авсан АН-ын бүлэг өнөөдөр гадаа гарч тамганы хэрүүл хийгээд, Төрийн ордонд орохоороо тойрогтоо дөрвөн тэрбумаар нь төсвөөс аван хуулийн хулгайг гардалцаж сууна.

Монголд одоогоор засгийн эрх барьсан хоёрхон нам бий. Нэг нь АН. Гэтэл тус нам өнөөдөр засгийн эрхийн төлөө өрсөлддөгөө болиод “хоёрдугаарт явах байр” булаацалдах хэрнээ, цаашдаа ч Монголын ардчиллын манаач байх бүрэн боломжит 30 жилийн түүх, туршлагаа өөрсдийнхөө гараар нурааж буй нь гунигтай. Билүү, тонгорог хоёр шиг бие биеэ ирлэх ёстой олонх-цөөнх хоёр хамтдаа мохох тусам Монголын парламент үнэгүйдэн ардчилал мөхөж байна.

 

Эх сурвалж: Itoim.mn Г.Отгонбаяр

Холбоотой мэдээ