Акира Куросава: Өөдрөг явах гутрангуй байхаас зовлон ихтэй

2021-07-31 113 1

“Кино бол олон талст бүхий чулуу юм”

Акира Куросава

Дэлхийн кино урлагт тод мөрөө үлдээсэн эрхмийн нэг бол Японы нэрт кино найруулагч, кино зохиолч, продюсер Акира Куросава юм. Түүний хамгийн том гавьяа нь дорнын соёлыг өрнөтэй гайхалтай холбон кино урлагийн нэгдсэн цогц болгож чадсан гэж урлаг судлаачид дүгнэдэг байна. Тэрээр 1910 онд Токио хотноо төрсөн бөгөөд 1998 он хүртэл 88 насыг зооглохдоо кино урлагт 30 гаруй гайхамшигт бүтээл туурвин үлдээжээ.

Найман хүүхэдтэй айлын хамгийн отгон тэрээр бага наснаасаа уран зурагт шимтэн багагүй амжилтыг олж, 1928 онд “Ника-Тэн” үзэсгэлэнд “Сэйбуцу” зургаа дэлгэн оролцож байжээ. Харамсалтай нь тэрээр коллежид элсэн орж чадаагүйн улмаас уран зургаа үргэлжлүүлээгүй байна. Ийнхүү тэрээр 20 настайдаа кино урлагт хүчээ сорихоор шийдэн найруулагч Кадзиро Ямамотогийн удирдлага дор Японы алдарт PCL «Photo Chemical Laboratories»-аас /хожим «Toho Studios» болсон/ урлагийн гараагаа эхэлжээ.

Бүтэн долоон жил шургуу хөдөлмөрлөсний эцэст Куросава бие даан кино хийх эрхтэй болж, 1943 онд XIX зууны үеийн жүдо бөхийн түүхэн хөгжлөөс сэдэвлэсэн “Жүдогийн гайхамшиг” киногоо өөрөө зохиолыг нь бичиж, найруулан тавьжээ.

Анхны амжилтандаа урамшсан Акира Куросава “Хамгийн сайхан” /1944/, “Жүдогийн гайхамшиг-2” /1945/, “Согтуу сахиусан тэнгэр” /1948/ зэрэг киног туурвисан байна.

Энэхүү кинонд тоглосон залуу жүжигчин Тосиро Мифунэ үүнээс хойш олон кинонд он удаан жил Куросаватай хамтран ажилласан байдаг. Акира Куросава 1950 онд алдарт зохиолч Рюноскэ Акутагавагийн зохиолоор бүтээн, гол дүрд нь Тосиро Мифунэ,Такаси Симура нар тоглосон “Райсёмон” киног найруулсан нь түүний нэрийг олон улсын тавцанд цуурайтуулж эхэлсэн юм.

“Райсёмон” киноны гол дүрд Тосиро Мифунэ

“Райсёмон” кино Венецийн кино фестивалийн тэргүүн шагнал “Алтан арслан”-г аваад зогссонгүй “Оскар”-ын гадаадын шилдэг кинонд олгодог шагналын эзнээр тодорчээ. Гэвч энэ алдар түүнд хямдхан олдсонгүй. Киног төлөвлөсөн гэрээт хугацаандаа дуусгаж амжаагүйгээр үл барам төсвийн мөнгийг “яльгүй” хэтрүүлсэн нь ивээн тэтгэгчдийн дургүйг хүргэжээ. Японы сонгодог зохиолыг гувуйлсных нь төлөө үзэгчид алдрын титмийг атгатал нь хүлээн авахгүй байсан юм.

Куросава 1951 онд Оросын зохиолч Фёдор Достоевскийн “Идиот” зохиолоор кино бүтээсэн бөгөөд 265 минут үргэлжлэх энэ киног тайрч, танасаар 166 минут болгон товчилсон байдаг.
Энэ киног бүтээсэн тухайгаа тэрээр хожим “Би “Идиот”-ыг дэлгэцэнд амилуулахыг аль эртнээс, “Райсёмон”-ийг эхлэхээс ч өмнө бодож төлөвлөж байсан юм.

Би бага наснаасаа Оросын уран зохиолыг шимтэн уншиж байхдаа хамгийн шилдэг нь Достоевский болохыг мэдрээд түүний зохиолоор хэзээ нэгэн цагт гайхамшигтай кино хийнэ гэж мөрөөддөг байсан. Достоевский миний хамгийн хайртай зохиолч бөгөөд ганцхан тэр л хүний бодит байдлыг үнэнээр нь өгүүлдэг” гэж дурссан байдаг.
Куросава нэгэнтээ Достоевскийн зохиолыг анхааралтай уншиж байхдаа зүүдний тухай ярьж буй баатрын үгэн дээр эрхгүй тогтжээ. Тэгээд зүүд гэдэг хүмүүсийн нуун дарж явдаг хүсэл хийгээд үүнгүйгээр юмсын чанарыг гүйцэд ойлгох хэцүүг ухаарчээ. Зүүд гэдэг ямар төгс төгөлдөр, дэс дараатай юм бэ гэж тэр уулга алдаж байсан гэдэг. Гүн ухаан, сэтгэлгээний баялгийг эрхэмлэдэг Акира Куросава мөн л Оросын суу билэгт зохиолч Лев Толстойн “Иван Ильичийн үхэл” туужийн санааг зоригтой өлгөн авч “Амьдархуй” киног бүтээснээр 1953 онд “Алтан чоно” шагнал хүртжээ.

Ер нь Куросавагийн санааг жаахан ёжтой үлгэрлэвээс Орос “одеяланд” өлгийдсөн самуурайн түүх юм.
Өөрөөр хэлбэл, тэрбээр өрнө дахинд тулгарсан “проблем”-ийг дорнын хөрсөнд гайхалтай хөрвүүлж чадсандаа байгаа юм.

“Долоон самуурай” киноны хэсгээс

Кино урлагт өөрийн өнгө төрхөө хэдийнэ олсон самуурайн “жанр”-аа Куросава улам баяжуулан алдарт “Долоон самуурай”-гаа бүтээсэн нь дэлхийн киноны нэгэн шинэ үзэгдэл болж, дахин жинхэнэ “хит” болж чадлаа.

Найруулагч тус киноны нарийн шигтгээ деталь бүхнийг дүрслэн үзүүлэхийн зэрэгцээ кино зохиолдоо оролцсон дүр бүрийн намтар сэлт, өмссөн зүүсэн хувцас, ууж идэх хоол хүнс, яриа хөөрөө, алхаа гишгээний намба төрхийг хүртэл түүхэн цадиг мэт дурайтал бичсэн байна. Куросава өөрөө амьдрал дээр самуурайн дэг жаягийг сайн мэддэг төдийгүй сэлмийн эрдэмд гаргуун нэгэн байжээ.

Товчхондоо Японы самуурайн зорилгодоо хүртэл амиа золиослон тэмцэх тангараг нь Европын эмгэнэлт жүжиглэлийн оргил төгсгөлтэй санаа нэг билээ.

Куросава алдарт “Райсёмон”-оо бүтээсний дараахан Шекспирийн “Макбет” эмгэнэлт жүжгийг дэлгэцэнд амилуулах санаа байсан авч 1948 онд Орсон Уэллс кино болгон амжсан тул зохиолоо тодорхой бус хугацаагаар хойш тавьжээ.

1957 онд бүтээсэн “Цусан титэм” кинондоо тэрбээр “Макбет” жүжгийн эерэг, эсрэг дүрийн баатруудыг сөрөг өнцгөөс эргүүлэн тавьжээ. Уг нь эерэг дүр байх “тавилан”-тай Асадзи / Исудзу Ямада/ нөхрийнхөө өмнө буруудаж “гэмтэн” Васидзу Такэтокийн /Тосиро Мифунэ/ тэмцлийг нь зөвтгөжээ.

“Цусан титэм” кино туурвисны дараа тэрээр “хашрахгүй” дахиад нэг сахалтай Оросын зохиолыг бариад авчээ.Тэр нь Максим Горькийн “Өнөө маргаашгүй” зохиол юм.
Мэдээж үйл явдал Японд өрнөх бөгөөд хаант засгийн үеийн Оросын нийгмийн хандлага Эдогийн үетэй хэрхэн толины тусгал мэт давхцаж байсныг харуулжээ.

Тэрээр өмнөх бүтээлүүддээ зохиолын эх сурвалжийн текстийг ягштал баримталдаг байсан бол энэ удаад илүү чөлөөтэй эмгэнэлт агуулгатай гэхээсээ илүү хошин аястай болгож өгчээ.
“Өнөө маргаашгүй” кино 1957 оны 9 сарын 17-нд дэлгэцэнд гарсан байна. Куросавагийн кинонууд дотор хамгийн хурц зөрчил бүхий нь 1960 онд бүтээсэн “Муу хүн тайван амардаг” кино бол эцгээ үхтэл үзэн яддаг Коити Нисигийн далд санаа нь Шекспирийн “Гамлет”-тай адил юм.
Гол дүрд нь тоглосон Тосиро Мифунэг Оросын найруулагч Андрей Тарковскийгээр зүйрлэвэл тэр Анатолий Солоницынг өөрийн сор болсон бүтээлүүддээ тоглуулан театрын дэлгэцэн дээр ч “Гамлет”-ийн дүрд урьдаг шиг л Акира Куросава түүнд тийм итгэл, хүндэтгэлтэй ханддаг байсан юм.
Дашрамд сонирхуулахад, Андрей Тарковский, Акира Куросава нар бие биенээ ихэд ойшоон дэлхийн кино урлагийн цагийг эзэлсэн алдартны жагсаалтад тэргүүн эгнээнд нэрлэдэг байв.
Москвад тэд уулзалдан Куросава түүний “Солярис”-г үзэн хүн-байгаль-сэтгэхүй гайхамшигт цогцлол болжээ гэж магтахад хариуд нь Тарковский “Долоон самуурай” киноны хөгжмийг аялж өгсөн гэдэг.
Куросава Достоевскийг биширдэг шиг “Тарковскийн жүжигчин “Солоницын дэлгэцэн дээр Достоевскийг гайхалтай чадмаг амилуулсан байдаг.
1961 онд бүтээсэн “Бие хамгаалагч” кинонд тэрээр мөн XIX зууны дунд үеийн Мэйжийн хувьсгалаас өмнөх үеийн түүхэн ахуй жижигхэн тосгоны тэнэмэл самуурайн тэмцэл, зөрчлийг Дэшиель Хэмметийн “Шилэн түлхүүр”, “Цусан хорсол” зэрэг адал явдалт зохиолын санаатай давхцуулжээ.
Сержо Леон “Шатсан долларын төлөө” /1964/ кинондоо “Бие хамгаалагч” киноны үйл явдлыг давтсаны дээр Куросавагийн уран бүтээлийн олон арга, дүрслэлийг хуулбарлан зохиогчийн эрхийг зөрчсөний төлөө түүнд 100 000 долларын торгууль болон Япон, Өмнөд Солонгос,Тайванийн дэлгэцэнд гарсан орлогын 15 хувийг өгөх шүүхийн тогтоол гарч байжээ.
Бүх л юм дандаа өөдрөг дардан замаар явдаггүй хойно түүний 1970-аад онд “Трамвайн түжигнээн” нэртэй анхны өнгөт кино нь амжилт ололгүй байшингаа барьцаанд алдаж, өөрөө амиа хорлох дөхтөл бухимдаж байсан юм. Арга барагдахдаа Холливудад хөлсөөр ажиллаж үзжээ.

Максим Мунзук Дерсу Узалагийн дүрд

Гэвч тэрээр 1975 онд Оросын киночидтой хамтран “Дерсу Узала” киног туурвисан нь түүнд алдагдсан нэр хүндийг нь буцаан авчирсан юм. Энэ бол түүний Орос хэл дээр бүтээсэн кино нь бөгөөд 70мм-иийн плёнкон дээр хийсэн анхны бүтээл нь юм.

Алс дорнодын Уссурийн тайгаар шинжилгээ судалгаа хийж байсан Оросын нэрт эрдэмтэн Владимир Арсеньевийн бодит амьдрал, аяллын тэмдэглэлээс сэдэвлэсэн алдарт анчин Дерсу Узалагийн тухай кино тэр жилийн Москвагийн кино наадмын тэргүүн шагнал төдийгүй “Оскар”-ын шагнал хүртээд амжсан юм.

Энэ кино нь тухайн үедээ байлдан дагуулж, дэлхийн бүх үеийн алдарт киноны жагсаалтад нэг хэсэг бичигдсэн билээ.
Тус киноны гол дүрд тоглосон Максим Мунзук Уссурийн алдарт анчин Дерсу Узала шигээ хэнд ч анзаарагдаагүй даруухан өнгөрсөн билээ.

Дэлхийн киноны дээд оргил “Оскар”-ын шагналын гол дүрийг нь бүтээчихээд байхад ч хэн ч түүнийг таньсангүй. Тэртээ хойно бараг “нэхэн” шахуу Тувагийн ч бил үү, гавьяат цол өгсөн гэдэг.
Манайхаар бол аймгийн арслан, Олимпийн аварга Н.Түвшинбаяр гэдэг байсан шиг. Одоо харин тэрээр хэдийнэ улсын харцага цолтой болсон билээ.
Н.Түвшинбаярыг Олимпийн аварга гэдгийг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Харин аймагт түрүүлснийг нь надаас эхлээд мэдэхгүй хүн олон.

Тэгтэл өвгөн Мунзук дэлхийн киноны “Олимп”-д түрүүлчихээд нутагтаа “сумын заан”-ы хэмжээнд ч танигдалгүй гундуухан явсан гэдэг. Акира Куросава 1993 онд дэлхийн хоёрдугаар дайны сэдвээр бүтээсэн “Дахиад үгүй” киног бүтээснээс хойш дэлгэцэн дээр ч “дахиад үгүй” болжээ. Тэрээр 1998 оны 9 сарын 6-нд 88 насандаа тэнгэрт хальсан байна. Куросаваг урлагийн онолчид “Япон биш Япон хүн” гэдэг юм билээ. Харин тэр жинхэнэ самуурай байсан юм шүү.

 

Эх сурвалж: Шог зураач Л.Мөнхбат

Холбоотой мэдээ