Оффшорчдын жагсаалтад Монголоос бичигдсэн хоёр улс төрч нь Сү.Батболд, Ч.Сайханбилэг нар ажээ

2021-11-10 209 0

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас оффшор бүсэд данстай дэлхийн нөлөө бүхий удирдагч,улс төрч, хөрөнгөтнүүдийн мэдээллийг нэгтгэсэн “Пандора баримт”-ыг дэлгээд удаагүй байгаа. Тэгвэл уг баримт бичигт Монголоос 2 улс төрч багтсан нь Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд Ч.Сайханбилэг нар ажээ. Тэд өмнө нь Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан, оффшор данстай улс төрчдийн жагсаалтад багтжээ.

Сү. Батболд
Сү.Батболд нь оффшор компаниараа дамжуулж, Эрдэнэт, Оюутолгойн орд газраас албан тушаалаа ашиглан олсон хууль бус орлогоо нуусан гэх хэрэг нь гадаадын хэд хэдэн улсад шалгагдсан. Тухайн орны шүүхээс зарим хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж гарсныг өмнө нь мэдээлж байсан.Энэ удаа “Пандора төсөл”-д Сү.Батболдыг 2006 оны дөрөвдүгээр сард Их Британийн Гернси Аралд “Квантум Лэйк Траст” нэртэй хөрөнгө итгэмжлэх компани байгуулсныг дэлгэжээ. “Квантум Лэйк Траст” компани нь Британийн Виржинийн Арлуудын “Премьер Эдж Лимитед” компанийг эзэмшдэг байна. Энэ талаар асуусан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдэд УИХ-ын гишүүн Сү.Батболдын зөвлөх хариулахдаа: “Оффшор компаниудаараа дамжуулан өмчлөх, хөрөнгө оруулахдаа хууль ёсны дагуу худалдан авч, зарсан. Ингэхдээ бүгдийг Монгол Улсын хуулийн дагуу хийсэн” гэж хэлжээ.

Ч.Сайханбилэг
Монголоос нэрлэгдсэн хоёрдахь оффшорчин нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг юм. Тэрээр ОХУ-ын Төрийн өмчит Ростек компаний эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан асуудлаар оффшорт холбогджээ. 2016 оны 6-р сард Ростех өөрийн эзэмшиж байсан Эрдэнэтийн хувьцаагаа “Монголын зэс корпораци” гэх компанид 400 сая ам.доллароор зарсан. Энэ үеэр “Монголын зэс корпораци” компанийн данс руу олон зуун сая ам.долларын гүйлгээ хийгдсэн. Гэвч тус компаний үйл ажиллагаа тодорхойгүй байсан. Уг хэлэлцээрийг хийхдээ Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь хууль тогтоогч байгууллагаар хэлэлцүүлж, батлуулааүй нь хууль зөрчсөн гэх асуудлыг үүсгэсэн. Ч.Сайханбилэг гадаадад гарснаар хэрэг нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Ч.Сайханбилэг олон улсын “Amsterdam & Partners LLP” хуулийн фирмийг хөлсөлж, өөрийгөө өмгөөлүүлж байгаа бөгөөд гаднын иргэншилтэй болох хүсэлт гаргаад байгаа юм. Харин Монгол Улсын мөрдөх байгууллагууд Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж, шилжүүлж авах тухай хүсэлтээ холбогдох байгууллагад хандаад байгаа юм.

 

Б.Отгон

Холбоотой мэдээ