Монгол Улсын шатарчид 19250 ам.долларын шагналын эзэн болцгоолоо

2021-07-28 42 0

Энэ сарын 11-нээс ирэх наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд ОХУ-ын Сочи хотын Глактика цогцолборт зохиогдож буй зөвхөн өндөр зэрэглэлийн шатарчид оролцдог дэлхийн хэмжээний томоохон тэмцээн “Дэлхийн цом 2021”-д Монгол Улсаа төлөөлөн Их мастер Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ, Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом 2021-д Их мастер Б.Мөнгөнтуул, ОУМ Т.Мөнхзул нарын шилдэг дөрвөн шатарчин оролцлоо.

Дэлхийн шатрын холбооноос дэлхийн шилдэг 39 улсын шатрын холбоодод эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг шатарчин нэр дэвшүүлэх эрхийн дагуу Монголын шатрын холбооноос 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эрэгтэй ангилалд ИМ Д.Батсүрэн, эмэгтэй ангилалд ЭОУМ Т.Мөнхзул үндэсний ялагчаар шалгарч эх орноо төлөөлөн оролцох эрх, Ази тивийн аварга шалгаруулах хайбрид тэмцээнээс ОУМ С.Ган-Эрдэнэ 8 дугаар байрт шалгарсан амжилтаараа дэлхийн хэмжээний тэмцээнд улсынхаа далбааг хоёр дахь удаагаа намируулах эрхээ бахархалтайгаар авсан бол 2019 оны Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга, ОУМ/ЭИМ Б.Мөнгөнтуулын хувьд түүний бахдам амжилтуудыг үндэслэн ДШХ-ны eрөнхийлөгчийн цагаан хуудaс урилгаар оролцуулах болсон.

Ийн Монгол Улсын шатарчид нийтдээ 19.250 ам.долларын шагналын эзэн болцгоолоо.

Дэлхийн шилдгүүдтэй зэрэгцэн тэмцээнд оролцсон ИМ Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ нар тус бүр 3.750 ам.долларын шагнал хүртсэн бол хоёрын даваа хүртэл оюуны бядаа гайхуулж чадсан ЭОУМ Т.Мөнхзул 5.000 ам.долларын шагнал, гурвын даваа хүртэл шилдгийн шилдэг 32 шатарчны нэг болж өрсөлдсөн МУГТ, ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул маань 6.750 ам.долларын шагнал хүртэхээр боллоо.

Холбоотой мэдээ