Монголчуудыг баярлуулсан Сайед Моллай гэж хэн бэ?

2021-07-28 305 0

Токио-2020 олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Монгол Улсын бөх Сайед Моллай барилдаж, мөнгөн медаль хүртэн бид бүхний магнайг тэнийлгэсэн үйл явдал тохиолоо. Түүний туулж өнгөрүүлсэн амьдралын талаар цахим орчинд цөөнгүй мэдээлэл гарч байна. Сайед Моллайын талаар цахим хэрэглэг Gantumur Ganaa ийнхүү бичсэнийг бид хүргэж байна.

Токиогийн Олимпод Монгол Улсыг төлөөлөн 43 тамирчин зорьсон билээ. Үүний дотор Ираны алдарт бөх Дэлхийн аварга Сайед Моллай оролцож байгаа юм.
Түүнийг яагаад төрөлх эх орноо орхин өдгөө Монгол улсын иргэн болсон түүхийг мэдэх хүн цөөн байгаа байх. Түүний Монгол улсын иргэн болох хүртэлх замнал маш гунигтай.
Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Өмнө нь Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байлаа. Харин 2019 онд Моллаей Саеид өмнөх жилийн дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Тэрбээр эхний хоёр барилдаанд өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө цэвэр ялав. Гуравдугаар тойрогт Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий гурван медальтай, Канадын Антуан Валуа-Фортьег цэвэр ялав.
Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч уруу утсаар холбогдон, Моллаей Саеидийг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Учир нь хэрвээ дахин ялбал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв.
Хэрвээ хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн аж. Үүнийг сонссон Моллаей Саеид бие халаалтын өрөөнд уйлсан гэнэ. Түүгээр ч үл барам түүнийг хагас шигшээд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон улсад суух Ираны элчин сайдын яамны төлөөлөгч Моллаей Саеидтай уулзан, дахин сануулжээ.
Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн гэнэ. Ийм хүнд байдалд орсон Моллаей Саеид Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагджээ. ДАШТ-ий дараа Моллаей Саеид өөрийгөө 10 хувь л дайчилснаа ярьсан. Тийм хүнд байдалд яаж ч өмнөх шигээ барилддаж чадах билээ.
ДАШТ-ий дараа Моллаей Саеид Иран руу буцалгүй Европ руу дүрвэсэн. Германд орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон юм.
Иранчуудад нүд үзүүрлэгдэн, заналхийлүүлж, хүнд байдалд байхад нь түүнд Монгол Улс алгаа тосон угтсан юм. Өдгөө тэрээр Монгол улсын нэрийн өмнөөс олон ч тэмцээнд оролцон Монгол улсын тугийг мандуулж яваа эр хүн.
Түүний гунигт түүх өнөөдөр харин БАЯРТ түүх болон солигдлоо.

 

Бэлтгэсэн: Л.Баяр

Холбоотой мэдээ