Дотоодод цар тахал бүртгэгдсэн цагаас сэтгүүлчдийг Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч, мэдээ, мэдээлэл бэлтгэх, авах боломж хязгаарлагдсан. Мөн цар тахлын нэг удаагийн хуулийн дагуу сэтгүүлчид Төрийн ордны бэлтгэсэн цэгээс цаашаа хэтрүүлэхгүй болсноор хоёр жил болох гэж байгаа юм. Тиймээс өнөөдөр парламентын сэтгүүлчдээс байгуулагдсан Түр хороо УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ-т сэтгүүлчдийг Төрийн ордонд чөлөөтэй орж, мэдээ мэдээллээ бэлтгэх боломжоор хангахыг хүсч, шаардлага хүргүүллээ.
УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 1-нд буюу энэ баасан гаригт эхлэх учраас үүнээс өмнө сэтгүүлчдийг Төрийн ордонд орж ажиллах боломжоор хангах асуудлыг шийдэж өгөхийг хүслээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Т.Ганзул, УИХ-ын тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нар сэтгүүлчдийн шаардлагыг хүлээн авч маргаашаас Төрийн ордноос мэдээ, мэдээлэл бэлтгэх түр журамд өөрчлөлт оруулах хамтарсан ажлын хэсэг байгуулна гэдгийг хэллээ.
NTV телевизийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд дарга биш ээ. Дөрвөн жилд нэг удаа ажилд оръё гээд мөрийн хөтөлбөрөө бариад ирдэг. Иргэд өөрсдөө ажилд авдаг. Ажилд авсан хүмүүс нь ажлаа хийж байна уу гэдгийг мэдэх эрхтэй. Хоёр жил үүнийг мэдүүлэхгүй явлаа. Одоо бүх зүйл нээлттэй болсон учраас сэтгүүлчдийг ч чөлөөтэй ажиллуулмаар байна. Цар тахал гэж өөрсдөө хүсвэл гарч ирээд ярьдаг болсон. Ярилцлага өгөх, эсэх нь тухайн хүний эрх. Гэхдээ гишүүд хувь хүн биш. Олон мянган хүний санал авч гарч ирсэн учраас олон нийтийн анхаарал хандуулж байгаа, хүсч байгаа мэдээллийг өгөх үүрэгтэй.
Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг: Өнөөдөр парламентын сэтгүүлчид нэгдээд УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ-т шаардлага хүргүүлж байгаа. Төрийн ордноос мэдээ, мэдээлэл бэлтгэх журмыг эргэн харах хүсэлт тавьж байна. Биднийг ажиллах нөхцөлөөр хангахгүй хоёр жил боллоо.Ордонд ажиллах сэтгүүлч нар ариун цэврийн өрөө ороход хүртэл хамгаалалтын ажилтан дагаж явдаг. Сөрөг хүчин нь тараад явчихсан, эрх баригч нам хэт олонх байгаа энэ үед хэвлэл л сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ. Гэтэл сэтгүүлчдийн нүд чихийг хааж, ажиллах нөхцөл боломжийг хязгаарлаж байна. Бид дарга нарын захиалсан дууг дуулдаг утсан хүүхэлдэй биш. Төрийн ордонд бид чөлөөтэй нэвтэрч гишүүд, сайд нараас асуулт асуумаар байна. Иргэдийн мэдэх эрхийг хангамаар байна.
0 cэтгэгдэлтэй