Э.Содномпилжээ: “Парис-2024” олимпод амжилтаа бататгах зорилготой бэлтгэл сургуулилтаа базааж байна

2021-09-25 166 0

Монголчууд “Токио-2020” паралимпын наадамд 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 59 дүгээр байрт жагссан билээ. Тэгвэл паралимпын наадамд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Э.Содномпилжээг Монголын үндэсний олимпын хорооны дээд шагнал “Алтан од” одон болон мөнгөн шагналаар урамшуулсныг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв.

Мөн Э.Содномпилжээгийн дасгалжуулагч Д.Баттулгыг “Алтан очир” одонгоор, дасгалжуулагч Б.Энхбаярыг “Олимпын алдар” одонгоор тус тус шагналаа.

Энэ үеэр Э.Содномпилжээ “МҮОХ-ны удирдлагууд паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчнаа урамшуулж, дээд шагналаа гардуулсанд маш их баяртай байна. МҮОХ, Монголын паралимпын хороо, БТСУХ-ны удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийлье. Миний хувьд “Парис-2024” олимпод амжилтаа бататгах хэтийн зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа базааж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ