Импортлогчид: Төвийн бүс АИ-92 бензиний 3-5 хоногийн нөөцтэй, аравдугаар сар хүртэл тасарна

2021-09-21 107 0

Нийслэлд АИ-92 бензиний тасалдал үүсэж, зарим шатахуун түгээх станцуудад бензин дууссан, зарим нь 20 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд бензин олгохгүй байна. Эл асуудал нь есдүгээр сарын эхэнд Дархан, Эрдэнэт хотуудад болон Улаанбаатар хотын зарим шатахуун түгээх станцуудад үүсэж байлаа. Тухайн үед АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр бидэнд ярилцлага өгөхдөө “Бензиний тасалдал үүсээгүй, үнэ нэмэгдэхгүй учир иргэд тайван байж болно” гэж байв.

Үүнээс хойш долоо хоногийн дараа энэ асуудал дахин идэвхжиж, иргэд бухимдаж эхэлсэн юм. Энэ үед АМГТГ-аас “АИ-92 бензиний нөөц 21 хоногийн хугацаатай байгаа, нөөц бага зэрэг хомсдолд орсон ч шатахуун түгээх станцуудыг хэвийн борлуулахыг шаардаж байна. Түүнээс биш бензин тасалж байгаад үнээ нэмэх гэж байгаа зүйл байхгүй” гэж мэдэгдсэнээр иргэдийг бага зэрэг тайвшруулсан.

Харин өчигдөр news.mn сайтад өгсөн яриандаа аравдугаар сарын 1 хүртэл татан авалттай холбоотой бензин тасалдана гэжээ. Гэтэл тасалдах битгий хэл зарим шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин дууссан хэмээх бичиг хадсан байв.

Иргэн: Таван колонк орсон ч бензин олдсонгүй

Биднийг “Петровис” шатахуун түгээх станцын Энхтайваны гүүрний доор байрлах салбарт очих үед АИ-92 болон АИ-95 бензинийг хэвийн олгож байлаа. Ингэхдээ зөвхөн тус байгууллагын хөнгөлөлтийн карттай иргэдэд 30 мянга хүртэлх төгрөгийн хязгаартай олгож байв. Үүний улмаас хөнгөлөлтийн картгүй иргэд арга буюу буцаж дараагийн шатахуун түгээх станцыг зорьж байгаагаа хэлж байсан юм.

Энэ талаар иргэн Я.Төмөр “Би хоёр дахь колонкоор үйлчлүүлэх гэж байна. Өмнөх колонкоос АИ-92 авах гэсэн боловч байсангүй. Өмнөх долоо хоногт тасалдахгүй, нөөц байгаа гэж байх шиг байсан. Шатахууны хомсдол мөн үнийн өсөлтөөс шалтгаалж иргэд бухимдалтай байна. Учир нь үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна. Аль ч салбарт нөлөөлж байна. Уг нь бид Монголдоо өөрсдөө бензинээ хийдэг болчихвол амар шүү дээ” гэсэн юм. Мөн иргэд АИ-92 бензин хайж олон шатахуун түгээх станц орсон талаар хэлж байлаа.

Иргэн: Би бензин авахаар тав дахь дахь колонкдоо ирж байна. Өмнө “MT, Содмонгол” зэрэг Шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхээр очсон боловч бензин дууссан байсан. Петровис колонкоос авах гээд л ирээд байж байна даа. Бензиний хомсдлоос болж ажлаа ч амжуулж чадахгүй, колонкоор өдөржин явсаар таарлаа. Импортлогчид эсвэл үнээ нэмэх гээд ингээд байгаа юм уу сайн ойлгохгүй л байна.

ОХУ-аас “крант”-аа хаажээ

Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 90-ээд хувийг ОХУ-аас авдаг. Энэ зун ОХУ-д дотоодын аялал жуулчлал эрчимтэй нэмэгдэж, шатахууны эрэлт огцом өссөн.

Тухайлбал, долдугаар сарын 22-нд ОХУ-ын Санкт-Петербургийн олон улсын худалдааны бирж дээрх АИ-92 шатахууны үнэ тонн тутамд 57.5 мянган рубль хүрэв. Энэ нь он гарснаар 30 хувь өссөн үзүүлэлт болсон. Бензиний бөөний үнэ огцом нэмэгдсэнээр эцсийн хэрэглэгчдэд хүрдэг шатахууны жижиглэн худалдааны үнэ зах зээлд өсөх шалтгаан болсон юм.

Тиймээс ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шулгинов долдугаар сарын сүүлээр дотоодын шатахууны үнийн өсөлтийг бууруулах үүднээс шатахууны экспортыг зогсоох хүсэлтийг Засгийн газартаа хүргүүлсэн. Улмаар ОХУ-ын Шадар сайд Александр Новак энэ сарын 1-ний өдөр тус улс дээрх шалтгаанаар шатахууны экспортоо зогсоох болсон талаар мэдэгдсэн бөгөөд шатахууны экспортыг хэр удаан хугацаанд хязгаарлах талаар мэдээлээгүй юм. Гэхдээ тэрээр ОХУ-ын Засгийн газар энэ намар шатахууны үнэ буурч тус улсын дотоодын зах зээл сэргэх хандлагатай байгааг онцолсон байна. Энэхүү шийдвэр нь манай улсад хүчтэй нөлөөлжээ.

Д.Алтан-Очир: АИ-92 бензиний төвийн бүсийн нөөц нь 3-5 хоног болчихсон байна

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын нэгдэл болох Монголын нефть, хийн үндэсний ассоциаци гэж бий. Бид тус ассоциацийн тэргүүн Д.Алтан-Очироос импортын нөхцөл байдал болон тэдний байр суурь ямархуу байгаа талаар тодруулсан юм.

-Улаанбаатар хотод АИ92 бензин тасалдсан, зарим шатахуун түгээх станцуудад дууссан, зарим нь 20 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд бензин өгөхгүй байна. Энэ тал дээр АМГТГ аравдугаар сар хүртэл нөөц тасалдана гэдгээ мэдэгдлээ. Харин та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-2021 оны наймдугаар сараас ОХУ-ын нефтийн үйлдвэрүүдэд урсгал засвар хийж эхэлснээр хангамж тасалдсан. Урд жилүүдэд мөн хийдэг байсан ч гэсэн иймэрхүү байдалд хүрч байсангүй. Наймдугаар сард ААН-үүд худалдан авах захиалгаа өгөхдөө дээд хэмжээгээр нь өгсөн. Яагаад гэвэл энэ үед хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Гэтэл ОХУ-ын “Роснефть”-ээс худалдан авалтын гэрээн дээр заасан хамгийн бага дүнгээр өгсөн байна.

Тиймээс ААН-үүд есдүгээр сард өмнөх сард өгсөн хэмжээний 50 хувиар захиалгаа өгсөн. Гэтэл “Роснефть”-ээс есдүгээр сарын нийт захиалгын 40 хувийг өгөх боломжтой гэдгээ мэдэгдэж, гэрээлсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар сүүлийн сарын захиалгын 40 орчим хувь нь хилээр орж ирээд байна. Өөрөөр хэлбэл, энэ сард нийт захиалгын 20 орчим хувь л орж ирсэн гэсэн үг юм.

Энэ сарын үлдсэн 10 хоногт “Роснефть”-ээс АИ92 бензинийг хугацаандаа нийлүүлж чадахгүй, аравдугаар сар гарч нийлүүлэх юм байна гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр өнөөдрөөс хойш АИ92 орж ирэхгүй, тасалдах хэмжээндээ хүрч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт АМГТГ-аас мэдэгдэл хийхдээ 18-20 хоногийн нөөцтэй байгаа гэж мэдэгдсэн. Энэ нь улсын дундаж дүн бөгөөд баруун, зүүн болон төвийн бүсэд нөөц харилцан адилгүй. Төвийн бүсийн нөөц нь 3-5 хоног болчихсон байна.

-Тэгэхээр яг одоо Улаанбаатар хотод хэд хоногийн нөөцтэй байна гэсэн үг вэ?

-Компани бүр дээр харилцан адилгүй байгаа. Гэхдээ бага болж байна гэсэн үг. Бид газрын тосны бүтээгдэхүүнээс хараат байгаа энэ үед зарим төрийн байгууллага шалгаж, торгож байгаа нь манай салбарт дарамт болж байна. Улс, төрийн байгууллагууд энэ салбарт оролцож болно. Мэдээж стратегийн бүтээгдэхүүн учир төрийн зохицуулалт, хяналт байх нь зөв. Гэхдээ зах зээлийн зарчим руу хэтэрхий оролцож байна.

-Өмнөх долоо хоногт АМГТГ-аас мэдээлэхдээ Засгийн газрын тогтоолын дагуу нөөцийг 30 мянган тонноор бүрдүүлвэл ААН-үүд бензиний үнийг 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэж байсан. Энэ боломжтой юу?

-Өмнөх захиалсан бензинээ авч чадахгүй байхад нэмж 30 мянган тонныг хаанаас авах вэ. 9, 10 дугаар сард авахгүй нь тодорхой боллоо. Өнгөрсөн хугацаанд бид Засгийн газрын үнэ барих бодлогоор ажилласан. Олон компани алдагдалд орсон ч нийгмийн хариуцлагын хүрээнд хэмээн хүлээж авч, хэлсэн амандаа бүгд хүрсэн. Энэ мэт шийдвэрүүд компаниудад нөлөөлөлгүй яах вэ. Одоо ч гэсэн ААН-үүд АИ-92 бензинийг ашигтай зарж чадахгүй, яг л өртгөөр нь зарж байгаа. Гэтэл нэмээд 100 төгрөгөөр бууруулна гэдэг бол байж боломгүй шийдвэр шиг харагдаж байна. Үүнийг компаниуд тухайн үедээ яаж шийдэхээ өөрсдөө мэднэ.

-Яг одоогийн нөхцөл байдалд нөөц бүрдүүлэх, бензиний үнэ нэмэгдүүлэхгүй байхад юуг анхаарах ёстой гэж бодож байна вэ?

-Манай улс газрын тос боловруулах үйлдвэрийг дотооддоо барьж байгаа нь сайшаалтай. Үүнийг хурдан ашиглалтад оруулбал бид гаднын хараат байдлаас ангижирна. Мөн БНХАУ-аас шатахууны төрлийн бүтээгдэхүүнийг импортлоход төмөр замын квот болон хурдан шуурхай оруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хоёр эх үүсвэрээс нөөц бүрдүүлвэл илүү боломжтой.

Одоо компаниуд аль болох ОХУ-аас нөөцөө бүрдүүлээд явж байна. Гэтэл сая зургаан сарын хугацаанд үнэ бариад алдагдал хүлээчихээр урт хугацааны нөөц бүрдүүлэх санхүүгийн чадамж нь буурч байгаа юм. Иймэрхүү оролцоо байхгүй байсан бол ААН-үүд нэг сараас илүү урт хугацааны нөөц бүрдүүлэх боломж байх байсан. Гэтэл компаниуд үнэ барихдаа ойролцоогоор 10 тэрбумын алдагдал хүлээсэн учир нөөц хангахад хүндрэлтэй болж байна. Ингэж оролцохгүй, зах зээлийн журмаараа явж хяналтаа тавих хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь зүй ёсны хяналтыг тавих ёстой. Бид хилийн үнэ 1000 байхад 2000 мянган төгрөгөөр зараад байвал болохгүй шүү дээ. Ингэж үнийн хувьд хяналт тавих нь зүйтэй, гэхдээ үнэд хүчээр нөлөөлж болохгүй.

-Цаашид Засгийн газраас үнэ барих бодлого хэрэгжүүлбэл ААН-үүд хэрхэн хүлээж авах вэ?

-Одоо ийм хүнд нөхцөл байдалд үнэ барих бодлого хэрэгжүүлбэл энэ салбар хүлээж авч чадахгүй. Дахиж үнэ барина гэвэл дампуурах хэмжээнд ирээд байна.

БНХАУ-аас нөөц бүрдүүлэх ажлыг яаравчилъя

Энэ бүхнээс харахад газрын тосны бүтээгдэхүүнээр нэг улсаас хараат байдгийн “гор” гарч байна. Анх ОХУ-аас АИ-95 бензиний нийлүүлэлт хийж чадахгүй гэж байхад БНХАУ-ын нефтийн үйлдвэрүүдээс нөөц бүрдүүлэх ажил эхэлсэн.

Энэ ажлын үйл явцыг есдүгээр сарын эхэнд АМГТГ-аас тодруулахад “ААН-үүд БНХАУ-аас 7000 мянган тонн хүртэлх захиалгыг хийчихсэн. Урдаас бензин авахад төмөр замын асуудал их төвөгтэй. Тиймээс үүнийг шийдэхээр ГХЯ, УБТЗ-тай хамтран аль болох цаг алдахгүй байхыг хичээж байна” гэсэн хариултыг өгч байлаа.

Харин энэ талаар Монголын нефть, хийн үндэсний ассоциациас тодруулахад “Манай улсаас дөрвөн компани БНХАУ-ын нефтийн компаниудтай гэрээтэй байдаг. Гэхдээ төмөр замын асуудлаас болж гацаад, ачигдсанаас хойш доод тал нь 12-15 хоногийн дараа орж ирдэг. Гэсэн ч төмөр замын квот тавигдаагүй учир аль аль талдаа л хөөцөлдөж байна” гэсэн юм.

АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаярын хэлснээр аравдугаар сарын 1 хүртэл ард иргэд бензиний тасалдалтай нүүр тулах нь. Аравдугаар сар гарсан ч ААН-үүдийн захиалгыг “Роснефть” компани бүрэн биелүүлэхгүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нөөцөө яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Бензин гэдэг стратегийн бүтээгдэхүүн учир өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтэй шууд хамааралтай. Хэдий бид Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа ч ашиглалтад орох болоогүй байгаа. Энэ үйлдвэр ашиглалтад орох хүртэл бензиний нөөцийг олон эх үүсвэрээс бэлтгэх шаардлагатай байна.

 

Эх сурвалж: Itoim.mn

Холбоотой мэдээ