Ковид19-ийн улмаас дутуу төрөлт ихсэж байна

2021-09-09 333 0

Ковид19 халдварын дельта хувилбарын дэгдэлттэй холбоотойгоор “Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалт” сэдвээр ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар 6100 орчим жирэмсэн эмэгтэй, 5000 гаруй хөхүүл эх төрсний дараа дархлаажуулалтад хамрагдсан нь зорилтот бүлгийн 15-хан хувийг эзэлж байгаа аж.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Өргөө амаржих газрын эмч С.Цэрэнсамбуу өглөө. Тэрээр “Амаржих газруудад улаан бүс буюу халдвартай ээжүүдэд зориулсан тасаг нээсэн. Өргөө амаржих газрын хувьд 80 ортой улаан бүсийн тасаг нээсэн.

Зүрх судасны өвчин, таргалалт, бөөрний архаг үрэвсэл, таргалалт, чихрийн шижин зэрэг эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхчүүд зүрхний судасны дутагдалд орж байна. Тиймээс жирэмслэлтийг эрт шийдэх шаардлага үүсэж байгаатай холбоотой кесарево хагалгаа болон дутуу төрөлт ихсэж байна. Тиймээс эхчүүдийг Ковид19-ийн дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.

“Өргөө” амаржих газарт 2021 оны эхний долоон сард 5800 эх төрсөн. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад төрөлт буурсан. Харин эхийн хүндрэл нэмэгдсэн нь ковидын тархалттай холбоотой” гэлээ.

Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвараас хамгаалах хамгийн гол арга нь дархлаажуулалт болохыг ЭМЯ-наас анхаарууллаа. Тодруулбал, “Дархлаажуулалтад хамрагдсанаар дельта хувилбараас тодорхой хэмжээнд хамгаалж болно. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндрэл, эндэгдлээс сэргийлэхээр ЭМ-ийн сайдын тушаалаар сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж байгаа.

Дархлаажуулалтад хамрагдсан хувь бага байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор эхийн эндэгдэл нэмэгдсэнээр 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай болсон. Тиймээс нийт жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ төрсөн ээжүүдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалмаар байна” гэлээ.

 

Б.Болор

Холбоотой мэдээ