Клеопатра

2021-09-08 136 0

Энэ гүрэнд эмс охид олон байдаг ч “бүгээн зүсмийн” үзэсгэлэн гоо Клеопатрад аугаа байлдан дагуулагчийг тэгж их дурлана гэж Ром даяар яахан мэдэх билээ.

Эртний домогт Египетийг аварч өгөөч гэж хатан хаан түүнд захидал ирүүлжээ. Ялалтандаа бялуурсан их хаанд уг нь энэ юу байх вэ дээ. Завиар зорчин хивсэнд ороогдон өөрийн биеэр тэр иржээ. Тийм аугаа үзэсгэлэн байдгийг байлдан дагуулагч өмнө нь харж байсангүй. Уг нь Клеопатра биш аугаа Цезарь өөрөө намба алдах шахжээ.

Бутарсан улсыг нь эмхэлж өгөөд нэрт жанжин эхнэр, хүүхдээ умартан тэнд жаахан тухалсан байна. Тэр хооронд “мини” Цезарь ч мэндэлжээ. Нэрт жанжин түүнийг өргөмөл хүүгээ гэж үздэг байсан ч гэрээслэлдээ хааны өв залгамжлагч гэж өргөмжилсөн байдаг юм. Ромд түүнийг нэр төр, алдар гавьяа нь хүлээсээр байгаа ч тэр үзэсгэлэнт Клеопатрад хоргодсоор л байлаа. Эрчүүдийг урин залах увидаст ид шид түүнд үнэхээр байсан юм.

Би хэзээ ч хэний ч ялалтын үзмэр болохгүй” Клеопатра

Египетийн их эзэн хаан МТӨ 51 онд таалал төгсөхдөө 16 настай үзэсгэлэнт охин Клеопатра, түүний дүү Птолемей Дионис нарт хаан ширээгээ хуваан захир гэж гэрээслэн үлдээсэн гэдэг. Египетийн эртний уламжлалаар тэд гэр бүл болсон юм. Александр хотод шинжлэх ухаан, соёл иргэншил ид цэцэглэн мандаж байсан болохоор яруу найрагч, зураач, урчууд тэнд үй түмээрээ байж. Энэ сайхан газар хатан хаан эрдэм номыг хичээн хэд хэдэн хэлийг эзэмшиж гүн ухаан, уран зохиолыг сайтар судлан үздэг нэгэн байв. Тэрээр яруу тансаг хөгжмийг гайхалтай тоглож чаддаг байсан юм. Клеопатра хүсэл тачаалаа хангахын тулд олон эртэй амрагладаг байсан ч харамсалтай нь тэдний амийг золиослодог байжээ.

Насанд хүрээгүй түүний дүү балчир хаан энэ үед тоглоом наадам эргүүлэн эрхлэн гүйж явсан гэдэг. Харин Клеопатра улсын эрх мэдэл түүний гарт байгааг сайн мэдэж байлаа. Түүний эрхэм дүү хаантныг Пофин гэгч тайган эр хүмүүжүүлж байв. Балчирхан хүүхдүүдийг түлхэн өөрөө хаан ширээнд суух хүсэлтэй тэрээр хатан хааны эсрэг Александрчуудыг босгож чаджээ. Үзэсгэлэнт Еленагаас болж Трой хотын дайн гардаг шиг Юлий Цезарь Клеопатраг байлдан хамгаалсан юм. Эцэст нь хаан Птолмей XII Нил мөрөнд живж, Пофин оргон зугтсанаар дайн намжлаа.

Египетчүүдийн амар амгаланг бодож Цезарь Клеопатраг дүү XIII Птолемей Неотеростай нь гэрлүүлэв. Бие султай бяцхан жулдрайг хаан ширээнд залсан нь аугаа байлдан дагуулагч хайр дурлалдаа цэнгэн хөгжилдөх таатай боломж байлаа. Ирсэн гийчин буцдаг хойно Цезарь Ром руугаа харихад Клеопатра Птолемей-Цезариан хүүг тэврэн үлджээ. Удалгүй Цезарь ч таалал төгсөж МТӨ 44 онд Египетийн хатан хаан нутагтаа иржээ. Жилийн дараа XIII Птолемей хаан нас барж Клеопатраг түүний үхэлд буруутгаж байсан ч дөрвөн настай Цезариан хүүг хаан ширээнд залжээ. Ийнхүү хэмжээлшгүй эрх мэдэл дахиад л хатан хааны мэдэлд очжээ. “Платон дөрвөн зүйлийн заль мэддэг байсан бол Клеопатра хэдэн мянгыг мэднэ” гэж Марк Антон хэлсэн байдаг билээ.

Тэрээр Ромоос буцахдаа их эзэн хаан Марк-Антонийгийн зүрх сэтгэлийг аваад харьжээ. МТӨ 42 онд Брутыг ялан дийлээд Грекийг байлдан дагуулж чадсан түүний өмнө өргөн түмэн бөхийн ёслож байсан өдрүүдэд ганцхан Клеопатра түүнийг тоогоогүй мэт санагджээ. Цезарийг эзэмдэхэд даруу зан л хангалттай байсан бол Антонийд илүү уран арга заль зохиох хэрэгтэй байлаа. Удалгүй түүний өмнө эзэн хаан бардам зангаа гээж Цезарионыг Ромын залгамжлагч гэдгийг хүлээн зөвшөөрснөөр барахгүй ард түмэнд нөлөө үзүүлж чадах Милетэд нуугдаж байсан бага дүү Арсионояг Дианагийн сүмд хөнөөжээ. Энэ гавьяаны шагналд Клеопатра Антонийд биеэ тушаажээ. Ухаангүй дурласан хааныг буцаан авах гэж эхнэр нь Перузины дайныг өдөөсөн гэдэг. Сэнгэнэсэн сайхан булгийн дэргэд нэгэнтээ их хатан Антонийд хоёр гараараа ус хутган өгөхдөө аль нь амттай байгааг асуужээ. Мэдээж адилхан шүү дээ.

Хариултыг нь сонсох завдалгүй тэрээр өөрөө “Нил мөрний ус л амттай байгаа биз дээ” гэж асууснаа мухарласан гэдэг. Клеопатра урт удаан мэт гурван жилийг Антонийгаас хол өнгөрөөжээ. Энэ үед тэд Александра, Клеопатра, Птолемей гэсэн гурван хүүхэдтэй болсон байлаа. МТӨ 36 оны сүүлээр Сири улс руу дайнд мордсон Антоний Азийн эрэгт тулж ирээд гэнэт Нил мөрний үзэсгэлэнт хонгороо санажээ.

Дурлалыг захирдаггүй хойно Антони Арменийг эзэлсний дараа хайртдаа эргэн ирсэн юм. Аугаа их байлдан дагуулагч тухайн үед үндсэндээ зөвхөн Египетийн хаан мэт өчүүхэн харагдаж байлаа.
Тэрбээр Клеопатрагийн дүрс бүхий мөнгөн зоос урлаж, дайчдын бамбайн дээр хатны нэрийг сийлэхийг тушааж байв. МТӨ 31 онд Антонийгийн эхнэрийн дүү Октавианд дайн зарлав. Эрэлхэг жанжин мэт өөрийгөө санасан Клеопатра энэ удаа Антонийгийн өмнөөс Ромд ялагдал хүлээсэн юм. Эрчүүд чаддагаараа ууж суух зуур тэрээр тэнгисийн эрэгт мундаг бунхан байгуулж цаг нь ирэхээр бүхий л эрдэнэсээ хамтад нь шатаах даалгавар аль эрт өгчихсөн байжээ. Арга ухаант тэрээр Антонийтой хэсэгхэн эвлэрчээ.

Гэвч хэзээ ч түүнийг ялан дийлэгч дууддаг хойно Октавианыг уургалах арга мэхээ сэдсэн байлаа. Хэдий 37 настай ч тэрээр өөрийн гоо үзэмждээ дэндүү итгэлтэй хэвээр байсан юм.

Гэвч Ромын цэргүүдтэй тулалдсан Антоний ялалт байгууллаа. Хатан хаан дахин баатар эрд “лайк” зарлав. Антони Ромын хатан хааныг өөрөөс нь урвасан гэж мэдэж байсан тул Клеопатраг хайж эхэлжээ. Клеопатра өөрийнхөө үхлийн талаар мэдэгдэх элчийг түүн рүү довтолгожээ. Антоний үхлийн ирмэг дээр байгааг сонссон Клеопатра түүн дээр удалгүй өөрөө иржээ. Ийнхүү Ромын их хаан хайртай хатныхаа гар дээр таалал төгсжээ.

Клеопатра Антонийг оршуулсныхаа дараа ялагчтай тохиролцоонд хүрч чадсангүй. Учир нь нь Октавиан түүнийг нүгэлт боол мэт гинжлэн тэрэгний ард чирэн явах болно гэсэн таагүй мэдээг сонсжээ. Хэн тийн хүсэх билээ. Зөвхөн ялахын зовлонгоос илүү гачлан үзээгүй түүнд хорвоогоос уйдах ямархан хэцүү билээ. Хорт могой л буруутай юм шүү дээ.

Нийтэлсэн: Шог зураач Л.Мөнхбат

Холбоотой мэдээ