Ж.Энэрэл: “Дольче & Габбана” миний мөрөөдөл байсан

2021-09-01 146 0

Монголоос анхлан Парис, Нью-Йорк, Миланы загварын долоо хоногт оролцсон загвар өмсөгч бол Ж.Энэрэл. Тэрбээр олон улсын загварын сэтгүүлийн нүүрийг чимж, хэд хэдэн ярилцлага өгсөн нь олны хүртээл болсон. Ж.Энэрэл олны өмнө нэг их гардаггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн анхаарлыг татах гэж хичээдэггүй. Зорьсон зүйлийнхээ төлөө тууштай тэмцэгч гэдгийг манай сонинд өгсөн ярилцлагаас уншиж байсан биз ээ. Харин сүүлийн үед түүний “Дольче & Габбана” брэндийн загварын шоуны тайзан дээр алхаж буй бичлэг олон нийтийн анхаарлыг татлаа. Түүний оролцсон загварын шоуг Италийн Венец хотын Сан-Маркогийн талбайд зохион байгуулжээ.

Энэхүү шоунд олны танил эрхмүүд хүрэлцэн ирж оролцсоныг гаднын сайтуудад онцолсон байв. Тухайлбал, Женнифер Лопес, Кортни Кардашиан, Моника Белуччи нар ирснийг папарацциуд агшин алдалгүй гэрэл зурагт буулгажээ. Уг шоунд Ж.Энэрэл гялалзсан бор даашинзыг амилуулж олны хүртээл болгосон юм. Сүүлийн жилүүдэд фэйсбүүкийн идэвхгүй хэрэглэгчдийн нэг болсон түүний мэдээллийг инстаграмаас мэдэх боломжтой. Эндээс мөн түүний гайхалтай зургуудыг харж болох юм.

Ж.Энэрэл инстаграмдаа “Дольче & Габбана миний мөрөөдөл байсан” хэмээн бичжээ.

Эргэн сануулахад, тэрбээр Английн “Harrods”, Америкийн “Seventeen болон “Elle”, Германы “Vogue”,“ICON” зэрэг сэтгүүлийн нүүрийг чимсэнээс гадна “Alexander”, “McQueen”, “Hermes” “Balenciaga” зэрэг алдартай брэндийн сурталчилгаанд голлох моделиор оролцсон юм. Мөн дэлхийд алдартай 120 жилийн түүхт автомашины “Mercedes- Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон нь Ж.Энэрэл байв.

Б.Номуун

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Холбоотой мэдээ