Ирэх сараас татвар, даатгал төлөөгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх санал гаргав

2021-08-31 177 0

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцууллаа.

Түгжрэлийн өртгийг мөнгөн дүнгээр тооцвол, өнгөрсөн 10 жилд 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Үүнд шатахууны болон цаг хугацааны зардлыг (ажлын бүтээмж буурах, эрүүл мэнд, стресс, дуу чимээ гэх мэт) тооцсон байна. Нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд алдаж байгаа судалгаа гарч, иргэдийн 85 хувь түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэж хариулсан байна. Түүнчлэн судалгаанд оролцсон иргэдийн 76 хувь түгжрэлийг шийдэх зоригтой алхам хийх цаг болсон гэжээ.

Ажлын хэсэг дугаарын хязгаарлалт хэр үр дүнтэй байгааг судлахад хэрэгжилт хангалтгүй гарчээ. Тиймээс үүний хэрэгжилтийг хангуулах нь түгжрэлийг бууруулахад дэмтэй гэж үзсэн байна. Түүнчлэн зарим авто замыг нэг урсгалтай болгох боломжтой эсэхийг судлахад манай авто замын нэвтрүүлэх чадвар муу учраас одоогийн нөхцөлд тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ажлын хэсгийн богино хугацаанд түгжрэлийг бууруулах санал:

  • Тээврийн хэрэгслийн “ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ” нэвтрүүлэх ажил (Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID
  • систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд
  • ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх)
  • Ерөнхий боловсролын сургуулийг 5/9 шилжүүлэх
  • Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх,
  • Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах,
  • Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх,
  • Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох,
  • Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах,
  • E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах,
  • Автомашингүй гудамж бий болгох,
  • Зогсоолгүй бүс бий болгох,
  • Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах,
  • Явган зам, дугуйн зам, авто замын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх,
  • Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох,
  • Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх
  • Эдгээр 15 саналыг ирэх сараас хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзжээ.

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлийг Ерөнхий сайдад ийн танилцууллаа. Удахгүй дунд, урт хугацааны шийдлүүдээ танилцуулахаа ч энэ үеэр хэлсэн юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Холбоотой мэдээ