​БҮТ: ЭЕШ-ын материал задруулсан шалгуулагчийг олсон

2021-08-20 102 0

ЭЕШ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр химийн шалгалт өгсөн сурагчдын нэг нь шалгалтын ангид утас авч орж, ЭЕШ-ын материалыг задруулсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ асуудлын талаар Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

Тэрээр “ЭЕШ-д гар утас, ухаалаг цаг, ном, дэвтэр зэрэг шалгалтын материал, мэдээлэл задруулж болзошгүй эд зүйлс авч орохыг хориглодог. Харамсалтай нь өнөөдөр химийн шалгалт авах үед нэг шалгуулагч шалгалтын материал задруулсан явдал гарлаа. Тухайн шалгуулагчийг нь олж тогтоосон. Уг нь шалгалтын байранд орохын өмнө шалгуулагчдыг металл илрүүлэгчээр үзлэг хийж оруулдаг. Чухам ямар арга замаар утас авч орсныг мэдэхгүй байна. Одоогоор шалгалт өгсөн байр болон камер зэргийг шалгахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

ЭЕШ нь улсын нууцын жагсаалтад орсон байдаг учраас материал задруулсан шалгуулагчийн дүн оноог хүчингүйд тооцно. Аль шалгалтын байрнаас хэн гэдэг шалгуулагч материал задруулсан гэдэг мэдээллийг өгөх боломжгүй” гэлээ.

Холбоотой мэдээ