Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан.
Тус журмын 2.1 дэх заалтын “Тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ” гэсэн хэсэгт олимпын наадмын алтан медальд 120 сая төгрөг, мөнгөн медальд 60.0 сая төгрөг, хүрэл медальд 30.0 сая төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг. Журмын 3.1-т дасгалжуулагчид олгох мөнгөн шагналын хэмжээг “… тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно” гэж заажээ.
Мөн журмын 4.1 дэх заалтаар олимпын наадмаас алтан медаль авсан тамирчинд 4.0 сая төгрөг, мөнгөн медаль авсан тамирчинд 3.0 сая төгрөг, хүрэл медаль авсан тамирчинд 2.0 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг сар бүр олгохоор зааж, 5.5 дахь заалтын дагуу сар бүрийн урамшуулал нь ирэх оны 1 дүгээр сараас эхлэн олгохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл журмын дагуу “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн Монгол Улсын 4 тамирчинд сар бүрийн урамшуулал нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгогдоно.
Одоогийн байдлаар “Токио-2020” зуны олимпын наадмаас медаль авсан 4 тамирчин, түүний дасгалжуулагчид ногдох нэг удаагийн мөнгөн шагналд шаардагдах 225.0 сая төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын “Мөнгөн шагнал олгох тухай” А/234 тушаал гарч, олгоход бэлэн болоод байна.
Мөн олимпод амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа цар тахлын үеийн журмын дагуу Японы Токио хотоос хамгийн сүүлд ирсэн баг тамирчдын 14 хоногийн тусгаарлалт дууссаны дараа буюу 2021.08.25-ны өдрийн 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, мөн өдрийн 12:30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүлээн авч уулзахаар товложээ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар “Токио-2020” зуны олимпын наадмаас медаль авсан дөрвөн тамирчинд байр өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзжээ.
0 cэтгэгдэлтэй