ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр улаан бүсэд ажиллаж буй ажилтнуудад коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг сайн дураар хийх үндэслэлийг тайлбарлав.
Тэрбээр “Вакцин хийсний дараах дархлал тогтцыг цусанд үүссэн эсрэг биетийн түвшинг хэмжиж үзэхээс гадна хүн амын дунд халдвар үүсгэж байгаа вирусийн омгийг эсийн үүсгүүрт ургуулж, түүнд дархлаажуулалтад хамрагдсан хүний ийлдэс хэр сайн саармагжуулж байгаагаар нь үнэлдэг.
Тэгвэл Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар АстраЗенека вакцины нэг болон хоёр дахь тунг хийлгэснээс хойш тогтсон эсрэг биетийн түвшин гурван сарын дараа буурдаг.
Харин гурав дахь тунг хийхэд эсрэг биетийн түвшин өмнөх түвшнөөсөө 2-3 дахин нэмэгдэж байна гэсэн үр дүн гарчээ.
Мөн вирусийг саармагжуулах идэвхийг үнэлсэн судалгаагаар АстраЗенека вакцины хожуу хоёр дахь тун болон гурав дахь тунгийн дараа үүссэн эсрэг биетийн хариу урвал альфа, дельта, бетта гэх коронавирусийн гурван хувилбарыг саармагжуулах идэвх нь өндөр байна гэсэн үр дүн гарсан байна.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй