Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсон байна. Иймээс тэрбээр ажлаа хүлээн авлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажлыг нь хүлээлцэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр 1998 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг, 2001 онд Герман улсын Берлин хотод “Буххольц” герман хэлний институт, 2002 онд Герман улсын Потсдамын их сургуульд герман хэлний бэлтгэлийг, 2005 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн институтид “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр мэргэжлийн сургалтад хамрагдсан, эрх зүйч мэргэжилтэй аж. 2004-2007 онд Голомт банкны хуулийн хэлтэст хуульч, 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, 2008-2013, 2014-2016 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, Засгийн газрын референт, газрын дарга, 2016-2018, 2021-2023 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөх, 2023-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Харин 2025 оны зургадугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдлоо. Улсад 21 жил ажиллаж буй ажээ.

7° C
3576.35
0 cэтгэгдэлтэй