“Disney” компани “OpenAI”-д 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ

2025-12-16 52 0

“Disney” компани хиймэл оюун ухааны “OpenAI”-д нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, хүүхэлдэйн киноны дүрүүдийг ашиглуулах албан ёсны лицензийн гэрээ байгуулжээ. Энэ нь “OpenAI”-ийн богино бичлэг бүтээх “Sora” платформын хувьд анхны томоохон лицензийн хэлцэл юм. Ингэснээр “Disney” компанийн 200 гаруй хүүхэлдэйн дүрийг хиймэл оюун ухаанаар хүссэн видеонд ашиглах боломжтой болж байна. Үүнд Микки, Минни Маус, Үнсгэлжин, Ариэль зэрэг бүх гүнж, Элса, Анна, “Marvel”-ийн бүх дүр гэх мэт орно. “ChatGPT” хэрэглэгчид мөн “Disney”-ийн дүрүүдийг ашиглан зураг үүсгэх боломжтой.

“Disney”-ийн гүйцэтгэх захирал Боб Айгер хэлэхдээ, энэхүү гэрээ нь уран бүтээлчдийг хүндэтгэж, хамгаалах зорилготой бөгөөд лицензийн төлбөр багтсан. Мөн дүрүүдийг хэрхэн ашиглах талаар хатуу хяналт тавигдсан гэж онцлон тэмдэглэсэн байна. “OpenAI”-ийн захирал Сэм Алтман хэлэхдээ, хиймэл оюун ухаан ба бүтээлч салбар хариуцлагатай хамтран ажиллаж чадна гэдгийг энэ гэрээ харуулж байна гэжээ. Гэрээ нь гурван жилийн хугацаатай юм.

“Disney” өмнө нь оюуны өмчөөр хамгаалагдсан дүрүүдийг нь өөр “AI” компани зөвшөөрөлгүй ашигласан гэж шүүхэд өгч байсан. Мөн “Disney” саяхан дараах компаниудад оюуны өмчийг хууль бусаар ашиглахыг зогсоох шаардлага илгээсэн. Тодруулбал, “Google”, “Meta” болон “Character.AI”-д шаардлага тавьжээ. Үүнээс гадна “Disney” болон “Universal” хамтран “Midjourney” компанийг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Холбоотой мэдээ