“Махны үнэ өсч, шатахууны нийлүүлэлт буурснаас инфляци өсөх эрсдэлтэй”

2025-12-11 46 0

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал энэ сарын 10, 11-нд болж, мөнгөний бодлогын хүрээнд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван өнөөдөр /2025.12.11/ дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр “Мөнгөний бодлогын хүрээнд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын шийдвэр гаргахад эдийн засгийн төлөв байдал, цаашдын төлвийг харгалзан үзлээ. Манай улсын худалдааны гол түнш БНХАУ болон АНУ-ын худалдааны хэлэлцээрт ахиц гарч буй өөрчлөлт нь дэлхийн эдийн засгийн гүйцэтгэлд улмаар хүлээлтэд өөрчлөлт оруулж байна. Гэхдээ тарифын бодлогыг тойрсон тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж, эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл өндөр байгааг анхаарах нь зүйтэй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр инфляци сүүлийн саруудад эрчимжин, арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.2 хувьтай гарч байна. Инфляци ийнхүү өмнөх сараас нэмэгдэхэд махны үнэ улирлын хандлагаа даган буураагүй, ургац хураалт багассан нь хүнсний ногооны үнэ харьцангуй өндөр байсан нь нөлөөлөв үү.

Хүнсний үнийн өсөлт, багш, эмч нарын цалингийн өсөлттэй уялдуулан инфляцийн төлөөллийг өмнөх оноос нэмэгдүүллээ. Инфляцийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн ч төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн суурь нөлөө арилж эхэлснээр инфляци алгуур бууран, зорилтот интервалийн дээд орчимд тогтворжих хүлээлттэй байна.

Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал муудан, махны үнэ өсөх, шатахууны нийлүүлэлт буурч, эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлах зэрэг нийлүүлэлтийн шинжтэй инфляци нэмэгдэх эрсдэл өндөр байгааг онцлох нь зүйтэй.

Эдийн засгийн өсөлт 2025 оны гуравдугаар улирлын байдлаар 5.9 хувьтай буюу хүлээлтийн орчимд гарсан тул өсөлтийн төсөөллийг хэвээр хадгаллаа. Эдийн засаг энэ онд 5.8 хувь, ирэх онд 5.6 орчим хувиар өсөх хүлээлтттэй байна. Цаашид бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийн явц, гадаад дотоод эрэлт, түүхий эдийн үнэ зэрэг нь өсөлтийн төлвийг өөрчилж болзошгүй.

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний арван сарын бйдлаар 141 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнд зэс, алтны үнэ түүхэн дээд хэмжээг даван өсч байгаа ч нүүрсний үнийн уналт сөрөг нөлөөг үзүүлж байна. Нөгөө талаас мөнгө санхүүгийн бодлогын нөлөө үр дүнгээ өгч, импорт буурч гадаад худалдааны тэнцэл сайжрахад нөлөөлж байна.

Гадаад валютын албан нөөц арванхоёрдугаар сарын 2-ний байдлаар 6 тэрбум ам.долларт хүрч нэмэгдлээ. Энэ нь гадаад валютын төлбөртэй барааны импортын долоо орчим сарын, бараа үйлчилгээний 4.3 сар орчмын хэрэгцээг хангах төвшин юм.

Төлбөрийн тэнцлийн ирэх оны төлөвт нүүрсний орлого томоохон тодорхой бус байдал дагуулсан хэвээр байна.

Инфляци ойрын хугацаанд хүнсний үнийн гүйцэтгэл, цалингийн өсөлтийн нөлөөгөөр зорилтын дээд орчимд гарах хүлээлттэй байна. Цаашид цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт нь инфляцийг өдөөж болзошгүй.

Ийнхүү эдийн засаг банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан үзээд бодлогын тууштай байдлыг ханган, зээлд санхүүжилтийн нөхцлийг хэт хатууруулахгүй байж дунд хугацаанд өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Түүнчлэн УИХ-ын дарга, Өргөдлийн байнгын хорооноос гаргасан санал зөвлөмжийг харгалзан тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор олгосон байгаа зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг 36 сараар нэг удаа сунгасан тохиолдолд уг активыг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр эцсийн ангиллыг хэвээр хадгалахаар шйдвэрлэлээ.

Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулах. Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөцөд тооцох эх үүсвэрээс хасах талаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ” гэв.

-Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох боломжтой болсон гэлээ. Энэ шийдвэр зээл авсан ахмадуудад хамаарах уу?

-Тэтгэврийн зээлийг 18 сараар авсан иргэн арилжааны банкинд очиж хүсэлтээ тавиад 36 сар болгон хойшлуулж, зээлийнхээ эргэн төлөлтийн хугацааг сунгах эрх нээлттэй болж байгаа. Ингэснээр сард төлж байгаа эргэн төлөлтийн хэмжээ нь хоёр дахин буурах болов уу.

Холбоотой мэдээ