УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчээ

2025-09-29 70 0

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа ноцтой асуудлуудыг дурдсан.

Тэрбээр “Би хов живийн асуудалд хов болсон тайлбар хийхгүй. Даваа гарагт би хуулийн байгууллагад өөрөө очиж гэрчийн мэдүүлэг өгч,өөрт байгаа нотлох баримт, эх сурвалжуудыг мэдээлнэ” хэмээн МАН-ын бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн.

Тэр өнөөдөр (2025.09.29) Авлигатай тэмцэх газарт очин гэрчийн мэдүүлэг өгчээ.

Ташрамд мэдээлэхэд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2025 оны гуравдугаар сард нас барсан БНХАУ-ын иргэнтэй холбоотой асуудлыг хөндсөн. Энэ хэрэгт нэр бүхий хүмүүс холбоо, хамааралтай байж болзошгүй. “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь нүүрсний сонсголд оролцохоо илэрхийлснээс хойш хоёр хоногийн дараа нас барсан зэрэг зүйлсийг ярьсан юм.

2023 онд нүүрсний сонсгол зохион байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр даргалагчаар оролцсон. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн явц, тендерт шалгарсан компаниудын эцсийн өмчлөгчдийн улстөрийн хамаарлыг шинжээч танилцуулсан.

Тус тендерт “Админерал” ХХК шалгарсан. Компанийн гүйцэтгэх захирал нь Ц.Лхамжав бөгөөд тэрбээр МАН-ын Хэвлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын (тухайн үеийн) төрсөн ах болохыг шинжээч мэдээлсэн юм. Гэвч сонсголын үеэр Ц.Чулуунзагд энэ компанитай огт хамааралгүй хэмээж байв.

Холбоотой мэдээ