НОБГ:Наймдугаар сард 58 удаагийн үйлдлээр 168 нойтон тарвагыг нийслэлд нэвтрүүлэхийг завдсан

2025-08-14 50 0

Нийслэлийн онцгой байдлын газраас хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хийсэн хяналт шалгалтуудын талаар танилцууллаа.

Тэдний мэдээлснээр хууль бусаар аг агнуур хийж, тээвэрлэсэн зөрчил хамгийн ихээр бүртгэгджээ.

Зөвхөн энэ наймдугаар сарын байдлаар гэхэд 58 удаагийн үйлдлээр 168 ширхэг тарвагыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсаныг Экологийн цагдаагийн алба илрүүлж, ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Тухайн 58 зөрчилд Зөрчлийн тухай хуулиар нийт 17 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Өнгөрөгч онд 252 удаагийн үйлдлээр 630 ширхэг тарвага илрүүлж байсан аж.
Монгол Улсын 17 аймгийн 130 сумыг тарваган тахлын байгалийн голомттой гэж үздэг.

Сүүлийн арван жилд буюу 2015-2024 онд 20 хүн тарваган тахлаар өвчилснөөс 9 нь амиа алдсан буюу нас баралт 45 хувьтай байна.

Тарваган тахлаар өвчилсөн хүмүүсийн эх уурхайг нь авч үзвэл 100 хувь тарваганаас халдварласан байсан. 66 хувь нь тарвагыг агнах, өвчих, эвдэх үедээ шууд хавьтлын замаар халдвар авсан. 28.6 нь түүхий шүүрхий мах идэх замаар бол 4.8 хувь нь тарваганы бөөс бүүрэгт хазуулах буюу дам замаар халдварласан байдаг.

Эдгээр хүмүүсийн дундаж наслалт нь 14-55 нас. Өвчлөлийн нууц хугацаа нь 2-3 хоног. Өндөр халуурах, булчирхай томрох зэргээр шинж тэмдэг илэрч байжээ.

Тиймээс тарвага агнах, тээвэрлэх, худалдаж авах, идэхээс татгалзахыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ