Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүлснээр суллагдахаар болжээ.
Ц.Хулангийн уучлал хүссэн өргөдөлд үндэслэн Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ийнхүү уучлал үзүүлэхээр болсон гэдгийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр бататгалаа.
Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, нэгдүгээр сарын 20-ноос цагдан хорьсон юм.
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татагдсан бөгөөд тухайн оны гуравдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байв.
“Ц.Хулан нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
2023 оны долдугаар сарын 25-ны өдөр болсон шүүх хуралдаанаар Ц.Хуланг гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сар хориг ял оноосон юм.
ХУУЛЬ: 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-1° C
3575.09
0 cэтгэгдэлтэй