Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Засгийн газраас тогтоол гаргасан.
“Сайжруулсан шахмал түлшний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 200 дугаар тогтоолд 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд иргэд сайжруулсан, шахмал түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах талаар тусгасан юм.
Тэгвэл Засгийн газраас энэ тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, “2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг тус тус авсугай” гэжээ.
Ингэснээр нийслэлийн гэр хорооллын өрхүүд сайжруулсан шахмал түлшийг тал үнээр худалдан авна. Түлшний тал үнийг “Эрдэнэс таван толгой” ХК хариуцан төлж байгаа юм.
Мөн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл” гэснийг “12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал” гэж өөрчилсөн юм. Ингэснээр нэр бүхий есөн салбараас бусад салбарын ААН-үүд, өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг төрөөс буюу “Эрдэнэт” үйлдвэрээс төлнө.
0 cэтгэгдэлтэй