З.Мэндсайхан: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллана

2022-04-19 50 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С. Мөнхчулуунтай уулзжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “ Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах саналыг шинээр томилогдсон С.Мөнхчулуун даргад албан ёсоор тавилаа.

Засгийн газар дотоодын хувийн хэвшлээ дэмжих зорилгоор стратегийн гурван төрлийн импортын хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьж байгаа. Мөн дотоодын хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд тэдэнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

Эдгээр дэмжлэгийн үр дүнд аж ахуйн нэгжүүд маань хэрэглэгчдэд нийлүүлэх бараа бүтээгдэхүүндээ хөнгөлөлт үзүүлж, хүнд цаг үеийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар даван туулах боломжтой.
Мэргэжлийн чиг үүрэг бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай дээрх чиглэлийн хүрээнд хамтран ажиллах саналыг С.Мөнхчулуун дарга талархалтай хүлээн авч, ойрын хугацаанд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо.

Бидний баримталж буй гол зарчим бол хувийн аж ахуйн нэгжүүдийг шалгаж, торгоно гэхээс илүү эхний удаад ойлголцож, хамтран ажиллах нь чухал. Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь ХХААХҮЯ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаанд оролцох гэсэн хэлбэр биш. Засгийн газрын хяналт тавих эрх бүхий агентлаг болон салбар яам бизнес эрхлэгчидтэйгээ төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж ойлгох нь зүйтэй”хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Холбоотой мэдээ