Тэргүүн баян И.Маск Твиттерийг сонирхох болсны учир

2022-04-18 76 0

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Америкийн бизнес эрхлэгч Илон Маск Твиттер компанийн хувьцааг 100 хувь худалдан авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Долоо хоногийн өмнө тэрбээр тус компанийн хувьцааны 9,1 хувийг 2,64 тэрбум доллароор худалдан авснаар хамгийн том хувь нийлүүлэгч нь болсон юм. Улмаар үлдсэн хувьцааг илүү өндөр үнээр буюу нэг бүрийг нь 54,2 доллароор үнэлж авахад бэлэн гэдгээ мэдэгдсэний дараа Twitter-ийн хувьцааны ханш 12 хувиар өслөө. Ингэснээр тус сүлжээний зах зээлийн үнэлгээ 40 тэрбумаас давжээ.

“Форбес” сэтгүүлийн баячуудын жагсаалтыг тэргүүлж буй И.Маск 219 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд сансрын судалгааны SpaceX компани, цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани түүний хөрөнгийн гол цөмийг бүрдүүлдэг.

Твиттерийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон тэрбээр ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орох эрхтэй боловч өнгөрсөн ням гарагт энэ саналаас татгалзсанаар олон нийтийг дахин нэг удаа гайхшруулсан бол 4 хоногийн дараа Твиттер-ийн хувьцааг бүхэлд нь худалдан авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн нь бүр ч алмайрууллаа. Нэгж хувьцааг 54,2 доллароор үнэлж буй тэрбээр “энэ бол эцсийн бөгөөд хамгийн сайн үнэ” гэж тодотгон хэлжээ.

Холбоотой мэдээ