Баянзүрх дүүргийн 16-р хороонд жишиг өрхийн эмнэлгийг нээлээ

2022-03-21 248 0

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд жишиг өрхийн эмнэлгийг нээлээ. Ингэснээр иргэд хоёр дахь шатлалын эмнэлэг орох шаардлагагүйгээр өрхийн эмнэлгээсээ бүхий л үйлчилгээг авах боломжтой боллоо гэж тус дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Эмнэлгийн өмнөх барилга нь 152 м.кв талбайтай байсан бол шинэ барилга 1080 м.кв талбайтай болжээ. Улмаар эмч бүр үзлэгийн өрөөтэй болж сургалт өрөөг нэмжээ. Ингэснээр эмч ажилчдын ур чадварыг дээшлүүлэх сургалт, бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулах боломжтой болсон гэв.

Үүнээс гадна рентген аппарат суурилуулж, хөдөлгөөн засалч нэмэлтээр ажиллуулж байна. Ингэснээр хорооны иргэд хоёр дахь шатлалын эмнэлэг орох шаардлагагүйгээр өрхийн эмнэлгээс үйлчилгээ авах боломжтой аж.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Ц.Алтанзагас “Төрийн үйлчилгээг иргэндээ түргэн шуурхай хүргэх нь төрийн үүрэг. Ялангуяа боловсрол, эмнэлгийн үйлчилгээ түргэн шуурхай хүрдэг байх учиртай. Энэ ч утгаараа Баянзүрх дүүргийн жишиг өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо. “Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвийн нэг онцлог нь үйлчилгээ цахимжсан. Иргэд өглөө ажилдаа явахдаа цаг аваад, цайны цагаараа үзүүлэх боломжтой. Энэ мэт сайн жишгийг бид бусад хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа” хэмээв.

“Насан урт” өрхийн эрүүл мэндийн төв нь 29 мянган иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 32 эмч ажилтантай.

Холбоотой мэдээ