Цар тахлын нөлөөгөөр Монголын аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ

2022-03-17 85 0

Монгол Улсын хувьд жуулчдыг татах онцлог ихтэй, тус салбар цаашид одоогийхоосоо хөгжих боломж ихтэй ч агаарын тээвэр, салбарын уялдаа холбоо зохицуулалтанд гол бэрхшээл тулгарч байна хэмээн Дэлхийн Банкнаас Монгол Улсын аялал жуулчлалын салбарын талаарх шинэ судалгаанд дурджээ.

КОВИД-19 цар тахлын дараах тэгш хүртээмжтэй аялал жуулчлалын хөгжлийг дэмжих нь сэдэвтэй уг судалгаанд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын гүйцэтгэл, түүний эрх зүйн зохицуулалтын орчин, бодлогын хувилбаруудыг өгөгдөлд суурилсан эдийн засгийн загварчлалын арга барилд үндэслэн шинжилжээ.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд Менежер Андрей Михнев хэлэхдээ “КОВИД-19 цар тахал Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ихээхэн нөлөөлсөн. Монгол аялал жуулчлалын салбар хөгжих нөөц бололцоо их байгаа бөгөөд байгалийн олон төрлийн тогтоц, нүүдэлчин амьдралын хэв маяг, соёл, түүхийн үнэт өвтэй холбоотой амралт зугаалгын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, жуулчдыг татах онцлог бүтээгдэхүүн ихтэй. Энэхүү шинэ судалгаа нь илүү хүртээмжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход Засгийн газарт туслах зорилготой юм” гэв.
Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулж, 2019 оны байдлаар ДНБ-ий 7.2 хувь, нийт экспортын 6.8 хувь, нийт хөдөлмөр эрхлэлтийн 7.6 хувийг бүрдүүлж байсан байна. Монголын аялал жуулчлалын салбар 2020 онд КОВИД-19 цар тахлын улмаас уналтанд орохоосоо өмнө 2019 онд хамгийн сайн гүйцэтгэлтэй байв.

Евро-Азийн бүс нутгийн төстэй орнууд болон газарзүйн онцлог болон/эсвэл санал болгож буй аялал жуулчлалын бүтээгдэхүүнээрээ ижил төстэй Евро-Азийн бус бусад орнуудтай харьцуулахад Монгол Улс сүүлийн арван жилд аялал жуулчлалын зах зээлд эзлэх байр сууриа алдаж байна. Монгол Улсын хувьд амралт зугаалгын аялал жуулчлал өргөжин тэлж, бизнесийн аялал буурсан хэдий ч Монгол Улсад амралт зугаалгаар ирсэн жуулчид бусад ижил төстэй аялал жуулчлалын зах зээлд зарцуулдгаас бага хугацааг зарцуулсан байна.

Холбоотой мэдээ