Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ₮400 тэрбумын зээлийг олгох хуваарилалт

2022-03-17 62 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар, тэр дундаа хүнсний ногоочдыг дэмжсэн гол шийдвэрүүдийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасныг танилцуулсан.

Энэ хүрээнд зарим зохицуулалтыг нарийвчлан танилцуулж байна.

СТАНДАРТ, ШААРДЛАГА ХАНГАСАН 50.4 МЯНГАН ТОНН ХҮНСНИЙ БУУДАЙГ УЛС ХУДАЛДАН АВЧ, НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ
Өнгөрсөн жилийн ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, хүнсний улаан буудайн нөөцийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, хүнсний хангамж, аюулгүй байдал, улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, тариаланчдын борлуулалтыг дэмжих, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах боломжийг бий болгох юм.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ 400 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжиж тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.

Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгох юм.
Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна.

Холбоотой мэдээ