Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.03.16/ 15:15 цагт гишүүдийн 63.5 хувийн ирцтэйгээр эхлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахдаа, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон ч Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн болон Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслүүдийн зөвшилцөх эсэхийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээгүй тул хоёр асуудлын хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргалаа.
Ингээд хэлэлцэх асуудлын дарааллаас Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төсөл, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг хасъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Дараа нь Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тус тус заасны дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг хаалттай явуулах горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь дэмжсэн тул хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хаалттай горимд шилжүүлсэн.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсны дараа тус тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Байнгын хорооны тогтоолын төсөлд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн болон Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслүүд, Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай төслүүдийн хэлэлцүүлэг болон Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэхээр тусгасан байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй