Талууд Украины хоёр хотод галаа түр зогсоож, энгийн иргэдийг нүүлгэхээр тохиролцжээ

2022-03-05 202 0

Украины зүүн өмнөд бүсийн Мариуполь, Волноваха хотуудад хүмүүнлэгийн коридор үүсгэх зорилгоор галаа түр зогсоосон тухай ОХУ-ын батлан хамгаалах яам өнөөдөр мэдээллээ.

Москвагийн цагаар өглөөний 10:00 цагаас эхлэн талууд байлдаанаа түр зогсоож, энгийн иргэдийг дээрх хотуудаас нүүлгэн шилжүүлэх боломж олгохоор болсныг Украины тал мөн баталж байна.

Иргэдийн хотоос гарах зам, маршрутыг талууд ярилцаж тохиролцжээ.

Мариуполь нь Азовын тэнгисийн хамгийн том боомт хот бөгөөд сүүлийн хэдэн өдрийн турш Оросын цэргийн бүслэлтэд байгаа юм.

Мариуполиос холгүй оршдог Волноваха хотод талуудын хооронд ширүүн тулаан үргэлжилж байжээ.

Пүрэв гарагт Орос, Украины засгийн газрын төлөөлөгчид Беларусийн нутагт хоёр дахь удаагаа уулзахдаа хүмүүнлэгийн коридор гаргах нөхцөлийг тохиролцож байв.

Уг тохиролцооны хүрээнд авсан анхны арга хэмжээ энэ болж байгаа юм.

Украины бусад хотуудад өнөөдөр байлдааны ажиллагаа үргэлжилж байна.

Бүслэлтэд байгаа зүүн хойд бүсийн Харьков хотод өнөөдөр өглөө хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болжээ. Зүүн бүсийн Сумы хотыг Оросын цэргүүд бүсэлж, өглөөний 05:00 цагаас гал нээж эхэлсэн тухай Украины эх сурвалж мэдээлж байна.

Холбоотой мэдээ