Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 21-ний шөнийн 03.00 цагийн үед хэсэг залуус зодолдож, нэг нь автомашинаар нөгөөгөө дайрсан хэрэг гарсан юм. Тодруулбал, 18 настай эрэгтэй “Д” нь 18 настай эрэгтэй “С”-ийг машинаар мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан. Хохирогч “С” ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Дорнод аймгийн Цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
Тус хэрэгт холбогдуулан иргэн “Д”-д Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1.1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхээс яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Мөн уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед зодоон хийсэн гэх 13 хүнд холбогдуулан Эрүүгийн хэргийн тусгай ангийн 20.16 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Уг залуус эмэгтэй хүний асуудлаас болж хоорондоо зодолдож, улмаар иргэн “Д” нь иргэн “С”-ийг машинаар мөргөсөн гэж урьдчилсан мэдүүлжээ. Хэрэгт холбогдсон залуус бүгд 2000-2003 оны залуус байсан байна.
0 cэтгэгдэлтэй