Монгол хүүхдийн захидлыг сансарт нисгэнэ

2022-01-17 144 0

Шинжлэх ухаан, сансар огторгуй судлал нь хүүхэд багачуудын сонирхлыг татдаг уран зөгнөл, ирээдүйн технологиор дүүрэн салбар.

Хүн төрөлхтний судалж дуусашгүй энэ өргөн цар хүрээ, уудам орчлонгийн тухай баримт мэдээлэл хүүхэд төдийгүй томчуудын сэтгэлийг догдлуулдаг.

Тэгвэл сансрын нисэгч болохыг мөрөөддөг, сансрын технологид дуртай Монгол хүүхдүүдийн захидлыг сансарт нисгэхээр болжээ.

Тодруулбал, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын “Blue Origin” компанийн дэргэдэх “Club for the future” сангаас “Send postcards to space” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Сансрын технологийн Blue Origin компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос
Сансрын технологийн Blue Origin компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос

Хүүхэд багачуудад сансрын технологи, шинжлэх ухаан, сансрын хуулийг танин мэдүүлэх зорилготой уг хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх саналыг MOSTA-д тавьсан байна.

Монголын сансрын технологийн холбоо буюу MOSTA нь сансрын технологитой холбоотой олон улсын үйл ажиллагаанд Монгол Улсыг шинжлэх ухааны талаас нь төлөөлдөг.

Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г бүтээсэн, одоо хоёр дахь хиймэл дагуул “Тэмүүлэл” дээр ажиллаж буй MOSTA-гийн дэргэд “Space Academy” сургалтын төв ажилладаг.

“Space Academy” сургалтын төв нь “Сансарт илгээх ил захидал” хөтөлбөрийг хариуцан ажиллаж хүүхдүүдэд сансрын технологиор дамжуулан шинжлэх ухааны суурь мэдлэг олгохоор ажиллаж байна.

Энэ талаар Space Academy-г үүсгэн байгуулагч, электроникийн инженер Д.Хос-Эрдэнэ “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хичээл ямар стандарт, хэв маягтай байх ёстойг Монголд нутагшуулах зорилготой ажиллаж байна” гэв.

“Send postcards to space” хөтөлбөр хэд хэдэн оронд хэрэгжиж буй. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд нэг өдрийн турш сансрын технологийн тухай сонирхолтой хичээлийг үнэгүй орж, бодитоор туршилт хийлгэх юм. Харин өдрийн төгсгөлд хүүхдүүдээс сансарт илгээхийг хүсэж буй захидал, зургийг нь хүлээн авдаг байна.

Эхний сургалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 18-нд зохион байгуулж арван хүүхэд оролцжээ. Ойрын гурван сарын хугацаанд дахин хэд хэдэн удаагийн сургалт хийж нийт 500 орчим хүүхдийн захиаг цуглуулах аж.

Хүүхдүүдийн сансарт илгээхээр бэлдсэн захидал
Хүүхдүүдийн сансарт илгээхээр бэлдсэн захидал

Цуглуулсан захидлуудыг MOSTA-гаас “Club for the future” сан руу илгээж тэндээс “Blue Origin” компанийн хамгийн ойрын боломжит нислэгээр сансарт гаргах аж.

Захидлууд сансрын хөлөгтэй хамт дэлхий дээр буцаж ирэхэд нь сансарт ниссэн хэмээх тэмдэг байршуулж захианы эзэнд нь эргүүлэн өгөх юм.

Захидал илгээх хөтөлбөрийн хүрээнд

Сансар дахь туршилт
Сансрын инженерчлэл
Сансрын хууль
Сансрын бизнес гэсэн чиглэлээр сургалт зохион байгуулах аж.
Эхний сургалтын үеэрх туршилт
Эхний сургалтын үеэрх туршилт

“Бид анхны сургалтад сансрын инженерчлэл сэдвийн хүрээнд пуужингийн талаар хичээл орсон. Улмаар хүүхдүүдийн ихэнх нь захидалдаа пуужин зурсан” гэж Д.Хос-Эрдэнэ ярилаа.

Тэрээр мөн “Мэдлэгийг хэрэглэдэг байх нь чухал. Сургалт бүр дээр хүүхдүүд шинэ туршилт хийдэг. Жишээ нь Ньютоны хуулийг заасан бол тэр хуулийг ойлгуулсан туршилтыг хийлгэдэг. Хүүхдэд зөвхөн онол заахын оронд тэр онол бодит амьдралд хэрхэн буудгийг тайлбарлах хэрэгтэй” хэмээв.

Space Academy нь 200-300 мянган төгрөгийн төлбөртэй, хэд хэдэн насны ангилалтай сансрын сургалт зохион байгуулдаг бөгөөд үүнд нь насанд хүрэгчдийн ангилал ч байдаг аж.

Гэвч цар тахлын хилийн хоригийн улмаас одоогоор зөвхөн бага насны хүүхдүүдэд зориулсан сургалт нь үргэлжилж байна.

“Бэлэн бүтээгдэхүүн ашиглахын оронд гарын доорх материалаар нандин үнэ цэнийг бүтээхээр ажиллаж байна. Агуулга нь сайн байх ёстойгоос гадна хэрэглэгдэхүүн нь энгийн байх хэрэгтэй” гэж Space Academy-н багийнхан үздэг.

Тэдний хичээлийг шимтэн сонсож буй долоон настнууд ирээдүйд Монголын анхны Нобелийн шагналыг хүртэх эрдэмтэд болно гэж найддаг аж.

“Хэрэв бид дэлхийд үр ашгаа өгсөн Нобелийг шагналтнуудыг төрүүлмээр байвал багаас нь шинжлэх ухааны суурь ойлголтыг нэмэгдүүлж, бүтээлчээр сургах хэрэгтэй” гэж Д.Хос-Эрдэнэ ярив.

Сансрын технологи нь маш олон төрлийн мэргэжилтнүүдийн оролцоог шаарддаг иж бүрэн шинжлэх ухаан юм. Инженер, программчин, одон орон судлаачаас эхлээд хоол зүйч, физиологич, сэтгэл судлаач гээд бүхий л салбарын мэдлэг бодит байдалд нэгдсэний дүнд хүнийг сансарт нисгэдэг билээ.

 

Эх сурвалж: Gogo.mn

Холбоотой мэдээ