Индонез улсад гэр бүлээс гадуур завхайрсан эмэгтэйг 100 саваадаж, эрэгтэйг нь 15 ташуурдаж шийтгэжээ

2022-01-14 271 0

Өчигдөр Индонезын Аче мужид гэр бүлээс гадуур завхайрсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг олон нийтийн өмнө шийтгэх ажиллагаа явагджээ.

Ингэхдээ нэлээд ялгаатай шийтгэлийг оноож, хэрэгжүүлсэн байна. Тухайлбал эмэгтэйг нь 100 удаа саваадсан бол эрэгтэйг нь ердөө 15 удаа ташуурджээ.

Эмэгтэй нь гэр бүлээсээ гадуур хүнтэй бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрсөн тул хүнд шийтгэл оноож, эрэгтэй нь гэм буруугаа няцаасан тул хөнгөн шийтгэл оноосон болохыг Зүүн Ачегийн прокурорын газрын мөрдөн байцаах тасгийн тэргүүн Айван Нажжар Алави тайлбарласан байна. Шүүх эрэгтэйд нь хүнд шийтгэл оноох үндэслэл олоогүйг тэр ярьжээ.

Индонез бол дэлхийн хамгийн олон хүн амтай Исламын шашинт орон. Гэхдээ тус улсын зөвхөн Аче мужид шариатын хууль хэрэгждэг юм.

2005 онд төв засгийн газартайгаа автономит эрх эдлэх гэрээ байгуулсан Аче мужид шашны илүү хуучинсаг ёс журам мөрдөгддөг ажээ.

Уг мужид одоо гэр бүлээс гадуур завхайрсан, мөрийтэй тоглоом тоглосон, согтууруулах ундаа хэрэглэсэн, ижил хүйстний харилцаанд орсон хэргүүдэд олон нийтийн өмнө ташуурдах, саваадах шийтгэл оноодог.

Хүний эрхийн байгууллагууд харгис хэрцгий шийтгэл оноодог явдлаа зогсоохыг Ачегийн эрх баригчдад байнга уриалдаг ч үр дүнд хүрдэггүй байна. Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо бас хуучинсаг ёс журмаа өөрчлөхийг тус мужийн эрх баригчдад уриалж байжээ. Гэвч Аче мужийн иргэдийн олонх ийм шийтгэлийг дэмжсээр байгаа юм.

Холбоотой мэдээ