С.Даваасүрэн: Сайжруулсан түлш чийг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлалтай

2022-01-12 249 0

Нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн жилээс их байгаа нь иргэдийг багагүй бухимдуулж буй. Иргэдийн нэг хэсэг нь сайжруулсан түлш шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа бол нөгөө нь иргэд дугуй, хог шатааж байгаагаас агаарын бохирдол бий боллоо гэж байгаа. Иймээс үүнд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дэд дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.

-НМХГ-аас агаарын бохирдлын шалтгаан, нөхцөлд хяналт, шалгалт хийж байгаа юу?

-НМХГ-аас Улаанбаатар хотыг тойрсон товчоодод байнгын хяналт тавьж байгаа. Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн болон баруун үйлдвэрт улсын байцаагч хөдөлмөрийн аюулгүй байдал, технологид хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн түүхий нүүрс түлэхийг хориглосон 99 хороонд улсын байцаагч томилогдон, өдөр бүр хяналт тавин ажилладаг. Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу нэгдүгээр сарын 7-9-ны хооронд гурван өдөр МХЕГ-ын албан хаагч, НМХГ-ын нийт бүрэлдэхүүн, цагдаагийн албан хаагч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон хороо, дүүргийн мэргэжилтнүүд, хэсгийн ахлагч нар “Таван толгой түлш” ХХК-ийн ажилчидтай хамтран нийт 4000 гаруй хүн Улаанбаатар хотод хог хаягдал түлж байна уу, түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэхэд хяналт тавин ажиллалаа. Энэ хугацаанд 99 хорооны 60 мянга орчим өрх, аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийсэн. Шалгалтад хамрагдсан нийт айл өрх, аж ахуйн нэгжийн 98.5 хувь нь сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. 1.4 хувь нь цахилгаан хэрэглэж байгаа дүн гарсан. Шалгалтын үед мөн тодорхой хэмжээний зөрчил гарсныг тухай бүр арилгуулсан.

-Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ. Түүхий нүүрс, дугуй, хог хаягдал шатааж байгаа айл байна уу?

-Тоймловол, нийт 11 зөрчил илэрсэн. Энэ зөрчлүүд нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлөхүйц байгаагүй. Тухайлбал, нэг айл зуухандаа хог, хаягдал хийсэн зөрчил илэрсэн. Хоёр аж ахуйн нэгж хэрэглэсэн тос шатааж, түлш гаргах үйл ажиллагаа явуулж байсныг газар дээр нь үйл ажиллагааг зогсоолоо. Мөн хогийн цэг дээр үнсээ асгаж байгаа, кабель утас шатааж, зэсийг нь авч байгаа зөрчил гарсан.

-Хяналт, шалгалтын явцад иргэд ямар санал, гомдол хэлж байна вэ?

-Иргэд сайжруулсан түлштэй холбоотой гурван төрлийн санал, гомдол хэлж байна. Нэгдүгээрт, өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжруулсан түлшний илчлэг муу байна. Хоёрдугаарт, үүрмэг их байна. Гуравдугаарт, уугилт их байна гэсэн. Бид “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний лабораторийн шинжилгээнд байнгын хяналт тавьдаг. Илчлэгийн хувьд өнгөрсөн найм, есдүгээр сард үйлдвэрлэсэн түлшний илчлэг өмнөх үзүүлэлтээс буурсан байсан. Стандартаар илчлэг 4800 байх ёстой ч 6000 гаруй байдаг байсан. Харин өнгөрсөн найм, есдүгээр сард 5000 руу орсон. Үүнийг тодруулахад, “Таван толгой түлш” ХХК мидлингээ маш ихээр нөөцөлж, гадаанаа удаадаг. Үүнээс болж илчлэг муудсан байх магадлалтай. Иймээс хоёр, гурван сараас биш, 14 хоногоор нөөцөлж, үйлдвэрлэлд оруулбал илчлэг өндөр байхаар байгаа юм. Нөгөө талаас сайжруулсан түлш түлж байгаа зуух шаардлага хангахгүй, түлшээ гүйцэд шатаахгүй, утаа их гарч байна.

Бид түлш бат бэх чанарт байнга хяналт тавьдаг. Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон SGS-ын лабораторид хийсэн шинжилгээг харьцуулсан байдлаар үзэхэд, түлшний бат бэх нь стандартын хэмжээнд байсан. Айл өрхөд очихдоо яагаад үүрмэгтэй байна вэ гэхээр тээвэрлэлт, зөөвөрлөлт их байгаагаас үүрмэг үүсэж байна. Мөн стандартад тодорхой хэмжээний өндрөөс төдөн кг-ыг унагаж, бат бэхийг үзнэ гэсэн байгаа. Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон SGS-ын лабораторийн дүн өөр гарсан. Нэг нь 95, нөгөө нь 85 хувь гарсан. Тодруултал, Уул уурхай, газрын тосны төв лаборатори нэг удаа унагадаг, SGS-ынх хоёр унагаж үздэг. Гэтэл стандарт хэд унагах тухай заагаагүй байдаг.

Уугилт их байна гэдэг чийглэгтэй холбоотой. Иргэд хөлдүү түлш ирж байна гэж байгаа. Сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлалтай. Чийглэгийн стандарт 10 болон түүнээс бага байх ёстой. Гэтэл баруун үйлдвэрийнх нэг шугам нь 1.4, нөгөө нь 1.8, зүүн үйлдвэрийн нэг шугам нь 6.9, нөгөө нь 8 байна. Хэдий стандарт нь 10 ч гэлээ хоёр үйлдвэрийнх харьцангуй өөр гарч байгаа. Стандартын дагуу 10-аас доош гэсэн болохоор бид шаардлага хангасан дүгнэлт гаргадаг.

Иргэдийн хувьд өмнөх жилийнхтэй харьцуулахад уугилт их байна, утаа гарч байна, асахдаа муу байна гэж хэлж байгаа. Тиймээс “Таван толгой түлш” компанийнхан үйлдвэрлэж буй түлшний чийглэгт анхаарахад илүүдэхгүй нь. Чийглэг нь аль болох бага тусмаа сайн шүү дээ. Зүүн үйлдвэрийнхээ технологийн горимыг баруун үйлдвэрийнхтэй адил болгох ёстой.

-Танайхаас “Таван толгой түлш” ХХК-иас тайлбар авсан уу. Тус үйлдвэрт технологийн горим алдагдсан юм биш үү?

-“Таван толгой түлш” компани нэг хэсэг ажиллахгүй, горим алдаж байсан. Түлшээ гадаа, байгалийн аргаар хатааж байсан тохиолдол ч бий. Харин одоо бол үйлдвэрийнхээ шугамуудыг ажилд оруулсан. Цаашид хэвийн гарна гэсэн тайлбар хэлж байгаа. Бид лабораторийн шинжилгээнд дээж өгчихсөн. Хариу нь удахгүй гарах байх. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хориглох үндэслэл одоогоор байхгүй. Учир нь чийглэг 10 хүртэлх хэмжээтэй байх стандартын шаардлагыг хангачихаад байгаа юм. Гагцхүү бид иргэдээс ирж буй шаардлагыг үндэс болгон зүүн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг барууныхтайгаа адилхан болгооч гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Мөн үйлдвэрлээд гаргасан түлшийг зориулалтын зууханд түлэхгүй бол үр дүн гарахгүй. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлшийг бүрэн шатаадаг зуух хэрэглэхгүй бол нэгдүгээрт илчээ бүрэн гаргахгүй, хоёрдугаарт дутуу шатсан түлшнээс утаа их гарна. Анх сайжруулсан түлшийг гаргаснаараа агаар дахь утааг 50 хувь бууруулна гэж зорьж байсан. Тэр үед стандартын шаардлага хангасан зуух айл өрхүүдэд байсан. Одоо бол айл өрхийн олонх нь уламжлалт зуух ашиглаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага, Экологийн цагдаагийн албатай хамтран нийслэл хотын захад байрлах тээврийн товчоодод түүхий нүүрсний шалгалтыг байнга хийж байгаа. Эхэн үедээ түүхий нүүрс оруулах гэж үздэг байсан. Одоо ийм зөрчил байхгүй болсон. Харин эсрэгээрээ сайжруулсан түлшийг Улаанбаатараас гаргаж, өөр газарт түлэх гэсэн зөрчил бүртгэгдэж байгаа. Нөгөөтээгүүр, хог хаягдал түлж байна гэсэн сэрдлэг бий. Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд Улаанбаатар хотын зүгээс сайжруулсан түлш олгож байгаа. Бид хоёр ч удаагийн шалгалт хийсэн. Ийм төрлийн зөрчил илрээгүй.

-60 гаруй мянган айлд шалгалт хийсэн юм байна. Шалгалтаас ямар дүгнэлт гарсан бэ?

-Нийт айл өрхүүдийн 29 мянга гаруй нь энгийн зуухтай байсан. Стандарт хангасан сайжруулсан зуухтай нь 22 мянга гаруй байгаа юм. Шалгалтын явцад “Таван толгой түлш” ХХК-аас борлуулсан түлшинд харьцуулалт хийж үзсэн. 2021 оны арваннэг, арванхоёрдугаар сард борлуулсан шахмал түлшний хэмжээг 2019, 2020 оныхтой харьцуулсан. Ингэхэд өнгөрсөн онд 2020 оны арваннэг, арванхоёрдугаар сарынхаас 20 мянган тонн буюу 12.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан. 2019 оны мөн үетэй харьцуулахад 60 мянган тонн буюу 47 хувиар өссөн дүн гарсан. Тэгэхээр 2021 онд түлшний хэрэглээ дунджаар 56 хувиар өссөн дүнтэй байгаа юм.

-Цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд юуг анхаарах вэ?

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэгдүгээрт, “Таван толгой түлш” ХХК-аас гаргаж буй бүтээгдэхүүнийхээ технологийг сайжруулах шаардлагатай байна. Хоёр үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний чийглэгийн хэмжээг адил түвшинд хүргэх хэрэгтэй юм. Зүүн үйлдвэрийн бүтээгдэхүүний чийглэгийг баруун үйлдвэрийн түвшинд хүргэж бууруулах бүрэн боломжтой гэж харж байгаа. Хоёрдугаарт, зуухны асуудлыг шийдэх ёстой. Зуухаа өөрчлөхгүй тохиолдолд үр дүн хүлээнэ гэдэг хүндрэлтэй. Сайжруулсан түлшийг бүрэн шатаадаг зууханд түлж байж илчлэгээ бүрэн гаргаж, утаа бага гаргана шүү дээ. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй байна. Энэ хоёр асуудлыг шийдээгүй тохиолдолд богино хугацаанд утаа буурахгүй.

Холбоотой мэдээ