Америкийн эмч нар генийг нь өөрчилсөн гахайн зүрхийг анх удаа хүнд шилжүүлэн суулгажээ

2022-01-11 123 0

АНУ-ын Мэрилэнд мужийн эмнэлэгт гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг эмч нар анх удаа гүйцэтгэсэн тухай өчигдөр зарлажээ.

Хагалгааг гурван өдрийн өмнө гүйцэтгэсэн бөгөөд амжилттай болсон эсэхийг хэлэхэд эрт байгааг бас мэдэгдсэн байна.

Ямар ч байсан генийг нь өөрчилсөн амьтны эд эрхтнийг хүний бие хүлээн авч, хэвийн ажиллаж болохыг батлан харуулжээ.

57 настай өвчтөн Дэвид Беннетийн амийг аврах боломж бараг үлдээгүй байсан бөгөөд туршилтын мэс заслын үр дүн баталгаагүйг тэр өөрөө мэдэж байсан гэнэ.

“Үхэх үү, зүрх шилжүүлэн суулгуулах уу гэсэн хоёр л сонголт байна. Би амьдрахыг хүсэж байна. Эрсдэлтэйг мэдэж байгаа ч энэ бол миний сүүлчийн сонголт юм” гэж Беннет хагалгаанд орохын өмнөх өдөр ярьж байсныг Мэрилэндийн анагаах ухааны сургуулийн эмнэлэг мэдээлжээ.

Хүний донор эрхтний хомсдол асар их байдаг. Уг асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэд амьтны эд эрхтнийг ашиглах аргыг туршиж, судалсаар байгаа юм.

Өнгөрсөн онд АНУ-д 3,800 гаруй зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийгдсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

“Хэрвээ энэ хагалгаа амжилттай болбол донор эрхтний хязгааргүй эрэлт хүлээж байна” гэж тус сургуулийн амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэх хөтөлбөрийн захирал Мухаммад Мохуиддин ярьж байна.

Өмнө нь ийм оролдлогууд амжилтгүй болж байсан нь хүний бие махбод өөр амьтны эрхтнийг хүлээж авалгүй татгалздагаас болдог байв.

Тухайлбал 1984 онд бабун сармагчны зүрх шилжүүлж суулгуулсан Бэйби Фэй нэртэй нялх хүүхэд 21 өдрийн дараа амьсгал хурааж байв.

Энэ удаа Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд гахайн зүрхнээс хүний бие татгалзахад хүргэдэг эсийг нь генийн засварын аргаар салгаж авсан ажээ.

АНУ-ын засаг захиргаа үхлийн өндөр эрсдэлтэй өвчтөнтэй тохиролцсон тохиолдолд туршилтын мэс заслыг гүйцэтгэхийг зөвшөөрдөг юм.

Эх сурвалж: Ikon.mn Associated Press

Холбоотой мэдээ