Өчигдөр “Токио-2020” олимпын хүндийг өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин М.Анхцэцэг эцсийн мөч хүртэл медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр огцомоор 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвдүгээр байрт бичигдсэн юм.
М.Анхцэцэг хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Ийн 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр болсон. Харамсалтай нь захиалгаа өргөж чадалгүй алдаж, дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. Өнөөдөр гавьяат тамирчин М.Анхцэцэгийн нөхөр Б.Золжаргал өөрийн сошиал хуудаснаа “Ханьдаа болон хүндийн өргөлтийн баг хамт олонд баяр хүргэе. 2024 он биднийх байх болноо. Шалтаглаж байгаа ч юм биш л дээ. Гэхдээ хугархай шилбэтэй ч дэндүү сайн оролцлоо, чамаараа бахархаад ханашгүй нь хурдхан хүрээд ир” хэмээн бичжээ.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй